Г.Сайнзаяа
09 сарын 29, 2017
Бүх цаг үеийн хамгийн агуу кино “Загалмайлсан эцэг” дэлгэцнээ гарснаас хойш 45 жил өнгөрчээ. Марио Пузогийн зохиолыг Фрэнсис Форд Коппола авч найруулан Нью Йорк хотод нээлтээ хийсэн юм. Ингээд энэхүү киноны талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе.
1. Фрэнсис Форд Коппола кино хийх үед халагдахаа шахсан.
Фрэнсис өмнө нь The Rain People хэмээх кино найруулсныхаа ачаар Загалмайлсан эцэг”-ийн эрхийг авснаас биш Paramount Pictures энэ кинонд өөр хүнийг хадгалж байжээ. Элия Казань, Артур Пенн, Ричард Брукс болон Коста-Гаврас тэргүүтэй найруулагч бүгд энэ ажлаас татгалзсан. Зураг авалт эхэлсний дараа Копполагийн хийсэн бодлогоширсон байдал, урт удаан яриа нь продюсеруудад таалагдаагүй байна. Тэд зохисгүй, хэрцгий мафын тухай кино хүссэн тул байсхийгээд хална гэж сүрдүүлдэг байжээ.
2. Коппола логог хадгалж үлдэхээр зүтгэсэн.
Paramount Pictures студи Загалмайлсан эцэг киноны нээлтийн хэсгийн лого буюу утсан хүүхэлдэйн утас, Марио Пузогийн улаан өнгөтэй нэрийг таалаагүй. Гэвч Пузо киноны сценарийг ч хамт бичсэн тул түүний нэрийг авахаас Коппола татгалзжээ.
3. Коппола үйл явдал өрнөх он цагийг өөрийнхөөрөө хийх гэж тэмцсэн.
Paramount-ын хүссэнээр киноны үйл явдал 1972 онд Канзас хотод өрнөх ёстой байж. Харин Коппола Дэлхийн II Дайны дараах Нью-Йорк хотод үйл явдлыг өрнүүлэхээр ятгаж дийлжээ.
4. Жүжигчдийг дүрд нь оруулахын тулд гэр бүлийн оройн зоог бариулдаг байсан.
Коппола киноны бэлтгэлийн үеэр кино жүжигчдийн багийг хамт суулгаж дүр, дүрд нь оруулаад хоол идүүлдэг байсан. Энэ үед хэн нэг нь дүрээсээ гарч болохгүй.
5. Paramount Марлон Брандог тоглуулахыг хүсээгүй.
Коппола Вито Корлеонегийн дүрт Марлон Брандог тоглуулахыг хүсэхэд студийн эзэн Чарльз Блюхорн “Paramount Picture-ийн кинонд хэзээ ч гаргахгүй” гэсэн гэдэг. Удаан зөвшилцсөний эцэст, нэгдүгээрт Брандо дэлгэцийн шалгаруулалтад орох, хоёрдугаарт цалингүй тоглох, муу жүжиглэснээс нь үүдэж алдагдал хүлээвэл түүнийг төлөх гэсэн гурван болзолтойгоор Марлоныг тоглуулахыг зөвшөөрчээ.
6. Пачиног Майклын дүрд тоглуулах санаа байгаагүй.
Студийн зүгээс Майкл Корлеонегийн дүрд Роберт Редфорд, эсвэл Райан О'Нилийг тоглуулахыг хүссэн. Гэвч Коппола анхнаасаа л Аль Пачиног “онилсон” байжээ.
7. Роберт Де Ниро анх Соннигийн дүрд шалгуулсан.
Роберт Де Ниро анх Вито Корлеонегийн том хүү Сонни Корлеонегийн дүрд шалгуулсан боловч Коппола түүний зан төрхийг хэтэрхий ширүүднэ гэж үзсэн. Де Ниро хоёрдугаар ангид нь залуу Вито Корлеонегийн дүрийг бүтээж, Оскарын Шилдэг туслах эрэгтэй дүрийн шагнал хүртсэн юм.
8. Хуримын хэсэгт жүжиглэлт байгаагүй.
Нэгдүгээр бүлэгт гардаг Витогийн ганц охин Конни Корлеонегийн хуримын хэсгийг бодит юм шиг байлгахын тулд хүмүүсийг жүжиглүүлээгүй, зүгээр л тааваар нь баярлуулж, дундуур нь чөлөөт зураг авалт хийжээ. Түүнд энэ хэсгийн зургийг авах хоёр л өдрийн хугацаа өгсөн байна.
9. Коппола хүмүүсийн алдааг ашигласан.
Лука Бразигийн дүрийг бүтээсэн Ленни Монтана жүжигчин болохоосоо өмнө мэргэжлийн бөх байжээ. Тэрбээр Брандо шиг амьд домгийн өөдөөс юу ч хэлж чадахгүй, зураг авалтын үеэр нэг ч аятайхан жүжиглээгүй аж. Ахин дахин зураг авах цаг байгаагүй тул Лука Бразиг загалмайлсан эцэгтэй уулзахаасаа өмнө амандаа бувтнаж, хэлэх үгээ давтаж байгаа дүрс оруулсан. Ингэснээр Монтанагийн жүжиглэлт тааруу биш, харин сандруу хүний дүрийг их сайн бүтээсэн мэт харагдсан.
10. Загалмайлсан эцгийн муурыг гудамжнаас олсон.
Коппола кино зураг авалт руугаа явах замдаа нэгэн тэнэмэл мууртай байнга тааралддаг байжээ. Нэгэн өдөр тэр муурыг аваад, Витод өгч, мууртай харилцахыг даалгасан гэнэ. Гэтэл тэр муур Брандод маш хурдан дасаж, бүтэн өдрийн зураг авалтын турш өвөр дээр нь суусан аж.
11. Үхсэн морины толгой жинхэнэ байсан.
“Загалмайлсан эцэг”-ийн нэгдүгээр ангид Вито загалмайлсан хүүдээ дүр олж өгөхийн тулд киноны найруулагчийг дарамталж, 600 мянган долларын мориных нь толгойг тастаж, орон дотор нь хийдэг. Кино багийнхан нохойн хоол хийдэг газраас жинхэнэ морины толгой олж ирсэн байна.
12. Киноны эхний ангийг хоёр хэсэг болгож таслах байсан.
175 минутын кино Холливудийн стандартаар уртдаа ордог. Тиймээс Майкл Корлеоне Солоццо, МакКласки хоёрыг цайны газар бууддаг хэсгээр дуусгах гэж байжээ. Гэвч ингэснээр үзэгчээ алдана гэж үзээд больсон аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.