Дотоодын хөрөнгийн зах зээлд “Парк Таун” бонд гаргаж, анхдагч зах зээлийн захиалга нь эхэлсэн “Минж Проперти” компани салбартаа төдийгүй бусад салбарт томоохон үлгэр дуурайлал болж буй. Энэ талаар Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатараас тодрууллаа.

-Танай салбараас энэ оны анхны компанийн бонд “Монголын үнэт цаасны бирж”-ээр дамжин нээлттэй хүрээнд олон нийтэд хүрч байна. Орон нутаг үйл ажиллагаа явуулж буй компани анх удаагаа бонд гаргаж байгаа нь барилгын салбарт хэр ач холбогдолтой үйл явдал вэ?

-Компани эрүүл, зөв засаглалтай байгаагийн нэг илрэл гэж үүнийг харж байна. Ялангуяа орон нутагт өнөөдөр ажиллаж байгаа олон компани, аж ахуйн нэгж бий. Тэдний дундаас зохицуулах байгууллагын шаардлагыг хангаж бонд гаргаж байгаа нь барилгын салбарын түүхэнд шинэ зүйл яах аргагүй мөн. Манай холбооныхон үүнд ихээхэн олзуурхаж байгаа. Нөгөө талаасаа компанийн засаглалаа сайжруулж, үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй болгосноор тухайн компанийн өмнө хөгжлийн шинэ хуудас нээгдэнэ гэсэн үг. Хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, үүнийг дагаж ирэх нэр хүнд гэдэг өөрөө давуу тал болно, боломж олгоно. Компанийн туулах ёстой хөгжлийн нэг үе шат гэж үүнийг онцолж байна. 

-Нэг тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш. Ер нь барилгын компаниуд эдийн засгийн хувьд хэр тамир тэнхээтэй болж байна вэ?

-Компаниудын үйл ажиллагаа тогтворжиж, өөрсдөө үл хөдлөх хөрөнгөтэй, өнгөрсөн хугацаанд санхүүгийн багагүй түүхтэй болж амжсан байна. Олон нийтэд ч өөрсдийн бүтээгдэхүүнээрээ танигдсан. Тодорхой төсөл, тендерт оролцоод тухайн авсан ажлаа нүүр бардам хийж чадах хэмжээний хүний нөөц, техник, технологийн бааз суурьтай болж ирлээ. Судалгаагаар, барилгын компаниуд 4-5 тэрбум төгрөгийн ажил, үйлчилгээг өөрсдөө гүйцэтгэх хэмжээнд хүрсэн байна. Холбооны зүгээс компаниуддаа засаглалаа сайжруулах талаар шахалт, шаардлага үргэлж тавьж байгаа. Үүний үр дүн ч гарч байна. 

-Барилгын компаниудын хөгжлийн дараагийн үе шат юу вэ. Энэ салбар эдийн засгийн уналт, өсөлтийг илүүтэй дагадаг. Мөн дийлэнх нь банкны өндөр хүүтэй зээлтэй байдаг. Хөрөнгө оруулалтын өөр боломж, гарцыг бага эрэлхийдэг юм шиг санагддаг?

-Компанийн засаглалаа илүү сайжруулж, улмаар хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй, олон нийтийн компани болох хэрэгтэй байна. Энэ мэдээж тийм ч амар байхгүй. Хэдий тийм боловч компаниуд өөрсдийн үйл ажиллагаандаа хяналт, шаардлага тавьж, зах зээл, хөрөнгө оруулалтын орчноо сайтар судалж, үргэлж хөгжиж байх хэрэгтэй. 

Шинэ шатанд гарах хэрэгцээ, шаардлага их байна. Нөхцөл байдал өөрчлөгдөж, боломж, бололцоо тэр хэмжээгээр нэмэгдэж байна. Үүнийг олж харж, ухаалгаар ашиглах хэрэгтэй. Энэ салбарт амжилттай яваа компаниуд хөрөнгийн зах зээл дээр гарах цаг нь болсон. Ингэснээр сонгодог утгаараа хувьцаат компани бий болж, тэлж томорно гэсэн үг. “Минж Проперти” компанийн энэ тавьсан замаар олон компани цаашид явна гэж харж байна. Зөвхөн орон нутаг гэхгүйгээр нийслэлд байгаа компаниуд ч засаглалын хувьд өөр шинэ хэлбэрт орох тийм хэрэгцээ, шаардлага байна. Үүний эхний алхам нь компанийн засаглалаа сайжруулах гэж хэлье.