МЕХИКО. /RIA Novosti/. Мексикийн Ерөнхийлөгч Мануэль Лопес Обрадор улсныхаа Кинтана-Роо мужийн ядууст туслахын тулд тус мужийн Косумель арал дахь ерөнхийлөгчийн харшийг худалдах гэж буйгаа өчигдөр мэдэгджээ.

“Косумель арал дахь Casa Maya өргөөг худалдаж, мөнгийг нь Кинтана-Роо мужийн ядуусын хэрэгцээнд зарцуулах” гэж байгаа учраас энэ өргөөтэй холбоотой бүх зүйлийг би маш сайн судална" гэж тэрбээр Плайя-дель-Кармен хотод үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Мексикийн эрх баригчид мансууруулах бодисын наймаачдын эзэмшиж байсан байшингуудыг ням гарагт дуудлагаар худалдсан байна. Тус улсын Сангийн яамнаас мэдээлснээр, дуудлага худалдааны үеэр мансууруулах бодисын наймаачдаас хураан авсан 27 харшийн есийг нь худалдаж, улсад 56.6 сая песогийн /3 орчим сая ам.доллар/ орлого оржээ. Энэ мөнгөний ихэнх хэсгийг мөн ядууст зориулах бөгөөд энэ удаад Герреро мужийн ядууст тусламж үзүүлэх аж.


Эх сурвалж: Монцамэ агентлаг