УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр өөрийг нь огцрохыг шаардаж буй УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нартай уулзлаа.

Уулзалтын эхэнд дээрх нэр бүхийн 4 гишүүн УИХ-ын даргыг огцрох шаардлагатай гэж үзсэн үндэслэлүүдээ танилцуулж, саналыг нь хүлээж авч тайван замаар өөрөө албан тушаалаасаа огцрохыг хүслээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболд "Чуулганы хуралдаанаас өөрийн дураар эсвэл зугтааж гарсан зүйл байхгүй. Ёс зүйн дэд хороо хуралдана гэсний дагуу чуулганд завсарлага өгч, алх цохиод гарсан. Энэ талаар олон түмэнд буруу ойлголт өгч буй явдлаа залруулаасаа гэж би та нараас хүсэж байна. Би тэр өдөр 10.45-18.30 цаг хүртэл Ёс зүйн дэд хороо хуралддаг танхимд орж гаран ирц бүрдэхийг хүлээж байсан. 18 цаг өнгөртөл Ёс зүйн дэд хороон дээр Д.Тогтохсүрэн. Х.Баделхан, Д.Сарангэрэл нар орж ирээгүйн улмаас ирц бүрдээгүй. Ажлын цаг дуусаад 18.45 цагийн үед би чуулганы хуралдааны танхимд ороход 7-8 гишүүн байсан. Ёс зүйн дэд хорооны ирц бүрдэж, хуралдаж чадаагүй учир өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа гэдгийг би хэлсэн. Тэнд байсан гишүүд ч үүнийг хэлж байгаа. Үүн дээр ганцаараа орж чуулганыг тараасан гэсэн худал мэдээллийг бас олон түмэнд тараагаад байгаа. Үүнийгээ бас залруулахыг хүсэж байна.

Сүүлийн үед УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд мэдээлэл өгөхдөө миний эрүүл мэндийн асуудалтай холбогдуулж ор үндэсгүй зүйл ярьж байна. Надад эрүүл мэндийн ямар нэгэн асуудал байхгүй. Энэ ажлаа гүйцэтгээд явахад эрүүл мэндийн зөрчилгүй. 

60 тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг хийлгэхгүй гэсэн зүйл надад байхгүй. Энэ асуудлаар нээлттэй сонсгол хийе гэж 19 гишүүний гарын үсэгтэй бичиг 6 дугаар сарын 20-ны үед ирсэн. Би тэр бичгийг Хуль зүйн байнгын хороонд цохсон. Тус байнгын хороо энэ нээлттэй хэлэлцүүлгийг хийх нь зүйтэй эсэхийг холбогдох байнгын хороодоос асуусан. Шалгаж буй хэрэг учир нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн байсан. Хууль хяналтын байгууллагаас хуулийн хүрээнд нээлттэй сонсгол явуулж болно гэвэл хийж болно.

Надад бол хорьж хаагаад байгаа зүйл байхгүй. Ер нь энэ асуудлыг нээлттэй яриад, хэн нь хаана хэнээс мөнгө аваад ямар төрийн албан тушаалыг арилжаалсныг олон түмэнд нээлттэй ил тод болгоод авах нь зүйтэй. Хэрвээ намайг энэ асуудал дээр ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байвал УИХ-ын дэд даргад хандаад энэ асуудлаар хэлэлцэж болно" гэдгийг хэллээ.

Дараах гишүүд УИХ-ын даргыг огцрохыг шаардаж буй юм.