УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр намынхаа Бага хурлын талаар болон сүүлийн үед үүсээд буй асуудалд өөрийн байр сууриа илэрхийлж, Төрийн ордонд мэдээлэл хийсэн.

Тэрээр энэ үеэрээ "Эрдэнэтийн 49 хувийг хувьчилсан асуудлыг намайг оролцоотой, намайг хааж хэмгаалаад буй мэтээр ярьсан. Би 2016 оны 6 дугаар сарын 23, 24-ний үед энэ мэдээллийг бүдэг бадаг сонссон.  ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан н.Хангайг дуудаж, энэ үнэн зүйл яригдаад байна уу, ийм сэжүүр ажиг дуулдаад байна. Үүнийг тодруулж өгөөч ээ гэсэн. н.Хангай сайд энэ талаар тодорхой мэдээлэл алга гэсэн. Би ийм л мэдээлэлтэй 6 дугаар сарын 28-ыг хүрсэн. 

6 дугаар сарын 28-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн. Энэ өдөр сонгуулийн сурталчилгаа дууссан. Тиймээс нэр дэвшсэн хүмүүс энэ талаар ямар нэг зүйл ярих нь дэмий гэж бодоод штабт ажиллаж байсан, сая нийслэлийн Засаг дарга байсан С.Батболдыг Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлыг МАН хэрвээ сонгуульд ялалт байгуулахын бол шалгаж, үнэн зөвийг нь тогтоож, үнэхээр улсын өмч хөрөнгөөр авсан зүйлүүд байдаг бол шалгаж, шийдвэрлүүлнэ гэдэг мэдэгдлийг намын даргын хувьд үүрэг өгч хийлгэсэн. 

Дараа нь ажлын хэсгийг би өөрөө байгуулсан. Ажлын хэсгийн дүнг УИХ авч үзэж яриад, Эрдэнэтийн 49 хувийг төрд авах ёстой гэх зэрэг 4 заалттай тогтоол гаргасан. Би энэ тогтоолыг хэрэгжих ёстой гэж бодож байгаа. 

Хоёр ч Засгийн газар энэ тогтоолоо хэрэгжүүлж чадахгүй байгаа. УИХ хэлэлцэж, хэлэлцээр хийж үнэн зөвийг тогтоож энэ асуудлаа шийд гэдэг шийдвэр гаргаж өгчихөөд байхад хэлцлийг нь хийлгүйгээр шүүх дээр очоод янз янзын шийдвэр гарч байгаа. Тиймээс Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг ямар нэгэн байдлаар хаацайлж, өмгөөлж хамгаалсан зүйл надад байхгүй" хэмээв.