УИХ-ын дарга М.Энхболд дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрээр "Авилгатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалыг надтай холбож, миний мэдлийн хүн гэж нэлээд ярьж байна. Би Х.Энхжаргалыг АТГ-ын дарга болохоос өмнө таньдаг байсан. Гэхдээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Х.Энхжаргалыг АТГ-ын дарга болгох саналыг УИХ-д оруулж ирсэн. Тус саналыг тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд Хууль зүйн байнгын хороонд цохож, тус байнгын хороо уг асуудлаар хуралдаж, Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар сонгохыг дэмжсэн дүгнэлт гаргасан байсан.

Гэвч чуулганы хуралдаанаар хэлэлцэж амжаагүй байтал тухайн үеийн УИХ тарж, дараагийн УИХ-ын даргаар би сонгогдсон.

Төрийн ажлыг шуурхай явуулах үүднээс Х.Энхжаргалыг дэмжсэн Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийн дагуу УИХ-ын чуулганаар хэлэлцэж, Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилсон.

Сүүлийн үед Х.Энхжаргалыг АТГ-ын даргаас чөлөөлөх яриа гараад, би өмгөөлж хамгаалж байна гэсэн мэдээлэл бас байна. Хууль журмын дагуу түүнийг чөлөөлөх асуудлаа оруулж ирвэл, чуулганаар хэлэлцүүлнэ. Хувь хүнийх нь хувьд би албан тушаал дээр нь авч үлдэх гээд өмгөөлж, хамгаалсан зүйл байхгүй" хэмээн мэдэгдлээ.