Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяаг өчигдөр мэдээлэл хийсэн. Тэрээр мэдээллийнхээ үеэр "Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар М.Энхболд, Ц.Элбэгдорж нарт хариуцлага тооц. Тэд Монгол Улсын төрөөр тоглосон. Тэд С.Эрдэнийг АН-ын дарга болгочихоод хийсэн хэргээр нь барьцаалж, Монголын төрөөр тоглож байна. С.Эрдэнийг АН-ын даргын тамга тэмдгээ аваагүй байхад нь М.Энхболд хадаг, сүү барьж баяр хүргэж байсан. М.Энхболдын хэрэгжүүлсэн 60 тэрбумын хэргийг АН-ын дарга С.Эрдэнэ нам дотроо хэрэгжүүлж, албан тушаалд нэр дэвших хүмүүсээс их хэмжээний мөнгө авдаг жишиг тогтоосон" хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл Ерөнхий асан Н.Алтанхуягийн дээрх мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Энхболд хариу мэдэгдэл гаргажээ.

Тэрээр "Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг танаа! Би Монголын улс төрийн хүчнүүдэд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Аль нэг намын дотоод хэрэгт оролцож байсан удаа байхгүй.

Танай намын дарга бүх гишүүдийнхээ олонхийн саналыг авч, албан ёсны мэдээ гарсны дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэд баяр хүргэсэн нь үнэн. УИХ-д суудалтай намын даргаар нэг гишүүн нь сонгогдоод байхад баяр хүргэх нь УИХ-ын даргын хувьд хийх л ёстой ажил. Хариуцлагагүй мэдэгдлээ залруулж, намынхаа дотоод хэрүүлд миний нэрийг оролцуулахгүй байхыг хүсье" гэжээ.