Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар ирэх сард ОХУ-д болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрөв.

Хуралдаанаар өмнөх хурлын шийдвэрийн хэрэгжилт болон худалдаа, эдийн засаг, санхүү, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, барилга зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм.

Тухайлбал ОХУ-аас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах, УБТЗ-ын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Эгийн голын усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлэх, мал, амьтны гоц халдварт өвчин, шүлхийтэй тэмцэх, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, ОХУ-д хадгалагдаж байгаа Монгол Улсад хийгдсэн геологийн судалгааны тайланг шилжүүлж авах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.