Үе шаттай, төлөвлөгөөт ажлуудын үр дүнд Ази, Номхон далайн бүсийн орнуудаас манай Монгол Улс анх удаагаа автомат хамааралтай ажиглалтын “ADS-B” системийг өнөөдрөөс эхлэн нислэгийн хөдөлгөөний ажиглалт, удирдлагын зайчлалд ийнхүү ашигладаг боллоо.

Ингэснээр Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдэд тасралтгүй үзүүлэх боломж нэмэгдэж байна.

Ажиглалтын системийг ашиглалтад оруулахын өмнө “Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлөгт нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын үйлчилгээ үзүүлэхдээ автомат хамааралтай ажиглалтын системийг 2018 оны 6 сарын 21-ны өдрөөс эхлэн ашиглана” гэсэн мэдээллийг Монгол Улсын Нислэгийн мэдээллийн эмхэтгэлээр олон улсын болон дотоодын авиа компаниудад хүргээд байсан.

Үүнийг ашиглаж эхэлснээр Монгол Улс агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлөгт нислэгийн таатай, аюулгүй, найдвартай, тасралтгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж, нислэгийн үр ашиг дээшилж, чиг шулуун нислэг хийх боломж бүрдснээр дамжин өнгөрөх өнгөрөлтийн нислэгийн тоо нэмэгдэх олон давуу талууд нээгдэж байна.

“ADS-B” системийг шинээр нэвтрүүлхийн тулд НХҮА-ны мэдээллийн ажилтан, нислэгийн удирдагч гэсэн 109 мэргэжилтнийг сургалтад хамруулсан. Ингэснээр мэдээллийн ажилтан, нислэгийн удирдагчийн ажлын байранд тавигдах шаардлага мөн шинэ түвшинд гарч байна.

Мөн энэ өдөр агаарын замын үндсэн цэгийн нэр болон солбицолд өөрчлөлт оруулах ажлыг давхар хэрэгжүүлж эхэллээ.