Монголд анх удаа миом буюу умайн булчингийн хоргүй хавдрыг мэс заслын бус эмчилгээгээр анагаах аргыг Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасагт хийсэн байна.

Эмчилгээг Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасгийн эрхлэгч их эмч Л.Долгоржав, их эмч Н.Ганболд,  их эмч Б.Болортайван нарын бүрэлдэхүүнтэй эмч нарын баг хийжээ. Умайд үүссэн хавдрын хэмжээнээс шалтгаалан эмчилгээг уг эмчилгээг хийх эсэхийг шийддэг байна. Хэрэв хавдрын голч нь 8 см- ээс ихгүй бол уг эмчилгээг хийлгэж болох гэнэ. 

Өндөр давтамжтай радио долгионоор хийх энэхүү эмчилгээ нь өвчтөнд зовиур бага өгдөг, мэс заслын шарх үүсэхгүй, хэвлийн хөндийг нээхгүй гээд давуу тал олон.

Мэсийн бус аргаар хийж буй уг эмчилгээ эхнээсээ үр дүнтэй болсон учраас цаашид уг арга барилыг бусад амаржих газруудын эмч нарыг сургах зорилготой байгаа ажээ.

Уг эмчилгээг дэлхий нийт 20-иод жилийн өмнөөс хэрэглэж үр дүнтэйг нь нотолчихсон. Үүнийг тус хамт олон Монголынхоо эмэгтэйчүүдийн стандарт нийцүүлэхээр ажиллаж байна.


ЯАГААД УМАЙН БУЛЧИНГИЙН ХОРГҮЙ ХАВДАРТАЙ БОЛДОГ ВЭ?

Умайн булчингийн хоргүй хавдар буюу миомын шалгааны тухай олон таамаглал байдаг. Гэвч эстроген дааврын хэвийн түвшин өөрчлөгдөх нь түүнийг үүсэх үндсэн шалтгаан болдог байна. Жирэмсэн үед эстроген дааврын хэмжээ ихэссэнтэй холбоотой миомын зангилааны хэмжээ илүү томордог бол харин цэвэршилтийн үед эстрогений түвшин буурсантай холбоотой багасах болон заримдаа алга болдог.

Төрөх насны эмэгтэйчүүдийн дөрөвний нэг хэсэг нь умайн миомтай байдаг бөгөөд ялангуяа 30-50 насныханд илүү их тохиолддог. Зарим судлаачид төрөх замаараа хоёроос олон төрсөн болон биеийн тамираар хичээлэлдэг эмэгтэйчүүдэд миома үүсэх эрсдэл эрс бага байдгийг тогтоожээ.

ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРДЭГ ВЭ?

Олон эмэгтэйчүүд миомтой болохоо мэддэггүй байна. Гэвч шинж тэмдэгүүд нь тухайн миомын зангилааны байрлал болон хэмжээнээс хамаардаг. Миомын шинж тэмдэгүүдэд:

    Биений юм өвдөлттэй ирэх
    Биений юм их хэмжээтэй ирэх (зарим тохиолдолд цус багадалтанд хүргэж болно)
    Шээс ойрхон хүрэх, шээхэд бэрхшээлтэй байх
    Хэвлийн доод хэсгээр даралт мэдрэгдэх
    Ууц нуруу чилж өвдөх
    Өтгөн хатах
    Үргүйдэл зэрэг ордог.