2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6 настай  38232 хүүхэд элсэн орно.

Элсэлтээр анги дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоо аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор "Хамран сургах тойрог тогтоох тухай” Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/44 дугаар тушаалыг тус тус үндэслэн  зохион байгуулах аж. 

Сурагчдыг 2019 оны 5 дугаар сарын 13-наас 5 дугаар сарын 27-ны хооронд бүртгэж мэдээллийн системд оруулах юм.

Элсэлтийн ажлыг зохион байгуулах нийслэлийн дэд ажлын хэсгийг Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар, дүүргийн ажлын хэсгийг Боловсролын хэлтсийн даргын тушаалаар, сургуулийн ажлын хэсгийг захирлын тушаалаар батлана. Ажлын хэсэг нь дүүргийн Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулийн захирал, бага боловсролын сургалтын менежер, багш, эцэг эх, олон нийтийн байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй байна.

Нэгдүгээр ангид 2013  оны 1 дүгээр сарын 1-нээс  2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. 5 настай буюу 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй гэлээ.


Элсэгчдийг бүртгэхдээ дараах  материалыг  бүрдүүлнэ. Үүнд:  

✔Хүүхдийн  төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар,

✔Эцэг эх болон асран хамгаалагчийн  цахим  үнэмлэхний эх хувь болон хуулбар,

✔3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг,  

✔Шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.