Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн эсрэг "вакциныг түгээх, дархлаажуулах үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө” сэдэвт вакцинжуулалтын онлайн сургалтыг зохион байгуулжээ.  

Дэлхий дахинд одоогийн байдлаар коронавурусийн эсрэг олон тооны вакциныг боловсруулж, туршиж байгаа. Англи, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнууд өөрийн орондоо үйлдвэрлэсэн болон бусад оронд үйлдвэрлэсэн вакциныг худалдан авч иргэдээ вакцинжуулаад эхэлсэн. 

Тэгвэл Монгол Улс нийт хүн амын 60 хувийг дархлаажуулах ажлыг удахгүй эхлэхээр төлөвлөж байна. 

Вакцины төлөвлөлт, нийлүүлэлт, вакцины чанар, аюулгүй байдал, тээвэрлэлт, хадгалалт, дархлаажуулалтын явцад тогтмол хяналт хийхэд онцгой анхаарах хэрэгтэй. Вакцинд хамрагдсан хүн амын дунд дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийн тандалтыг хийж, мэдээллийн урсгалын дагуу мэдээлэх, цаг тутамд эргэх холбоотой ажиллахыг шаардлагатай гэдгийг сургалтаар онцолжээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Коронавируст халдварын вакциныг түгээх, дархлаажуулах үйл ажиллагаанд зорилтот бүлгийн судалгаа, байршил, дархлаажуулах үйл ажиллагаанд оролцох ЭМА, дайчлан ажиллуулах хүний нөөц, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн нөөц, зохих шаардлагыг хангасан байнгын болон түр цэгийн бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатай. 

Мөн хүмүүсийн хүлээлтийг зохицуулах, ялангуяа вакцины эхний үе шатанд вакцины хангамж, хүртээмжийн талаар харилцаа холбоо ба олон нийтийн оролцоог дэмжих үйл ажиллагааг яг одоо эхлүүлэх, хүн амыг вакцин нэвтрүүлэхэд бэлэн болгох хэрэгтэй. Манай улсын хэмжээнд бүртгэгдсэн Коронавируст халдварын өвчлөлийн 8.2 хувийг эрүүл мэндийн ажилтнууд эзлэж байна" гэв.

Мөн ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др.Сергей Диордица "Дархлаажуулалтыг эхлэхээс өмнө зохион байгуулалт, хэрхэн хүргэх, холбоотой хууль тогтоомжийг судлах, эрүүл мэндийн ажилчдаа бүрэн сургах, дархлаажуулалтын дараа гарч болох хариу урвалыг хянах, эрсдэлийн үеийн харилцаа холбоо зэрэг бүх бэлтгэлийг хангасан байх шаардлагатай. 

Баярт мэдээ дуулгахад Монгол Улсын бэлэн байдлын төлөвлөгөө болон ДЭМБ-аас хийсэн тархвар зүйн үнэлгээнд үндэслэн PFIZER вакцины эхний ээлжид хамрагдах орноор Монгол Улс сонгогдсон байна. Нэгдүгээр улиралд нийт 25.740 тун вакцин хүлээн авна. Тиймээс ДЭМБ-ын зүгээс үндэсний хэмжээний бэлтгэл ажлыг хангах хүрээнд эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан мэргэжлийн сургалтад дэмжлэг үзүүлж ажиллахдаа баяртай байна” гэв

                                  Эх сурвалж: ЭМЯ