Нэрт хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар Бямбасүрэнгийн Шарав өчигдөр таалал төгсөн Монголын хөгжмийн урлагт их гарз тохиогоод байна.

Тэрээр Хөдөлмөрийн баатар хэмээх нэр алдрыг наймхан хоногийн өмнө төрийн тэргүүнээс хүлээн авахдаа "Миний уран бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ, дэмждэг төр засагтаа үнэхээр их баярлаж байна. Монголын урлаг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлж авч яваарай" гэж хэлээд хамгийн сүүлд бүтээл бичсэн тухайгаа дурдсан билээ.

Б.Шарав агсан нас барахаасаа 11 хоногийн өмнө буюу долдугаар сарын 4-нд дотны анд нөхөр, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, УДБЭТ-ын удирдаач Н.Туулайхүүд зориулан "Бяцхан вальс" хэмээх бүтээлээ бичиж хүргүүлсэн байна. Бүтээлийнхээ дээр "Миний муу, сайн бүтээлүүдтэй насаараа ноцолдсон ачийг санаж энэхүү өчүүхэн вальсыг таньд зориулан бичив" хэмээн татласан аж.

Энэ талаар удирдаач Н.Туулайхүү "2019-07-04-ны орой манай хорын дуучин Урангоо ,Төрийн соёрхолт,Чингис хаан одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын дүү миний өрөөнд орж ирэн нэгэн партитурыг өгөн, Шарав ах маань таньд зориулж бяцхан вальс зохиожээ. Хэдийгээр бие нь тааруу ч дээшээ харж хэвтэн партитур нотоо 07-03-нд дуусгаад танд хүргүүлж байна гэв. Надад зориулж хөгжмийн зохиол бичнэ гэдэг нь миний хувьд их аз юм. 1987 оноос 2-р симфоноос эхлээд бүх зохиол дээр нь хамтран ажиллаж удирдан тоглуулсан байдаг. Бид 2 нь 32 жил уран бүтээлээрээ найзалжээ." хэмээн өөрийн нүүр хуудастаа бичжээ.