Манай улс хоёрдугаар сарын 23-наас зорилтот бүлгийн иргэддээ коронавирусийн эсрэг вакцин хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 168.000 хүн вакцинд хамрагдсан байна. Засгийн газар БНХАУ-аас Синофарм, БНЭУ-аас АстраЗенека вакцин буцалтгүй тусламжаар аван хийж буй. Харин зарим хувийн хэвшил ОХУ-аас Спутник V вакциныг оруулж ирэн тарьж байна.

Цаашид вакцин татан авах хуваарь:

  • 300.000 хүний Спутник V вакциныг 4 дүгээр сарын эхээр
  • 900.000 хүний Синофарм вакциныг 4 дүгээр сарын 01, 15, 4 дүгээр сарын сүүлийн тус тус авна.
  • Ковакс хөтөлбөрийн хүрээнд 25.740 хүний Прайзер вакциныг 3 дугаар сарын сүүлээр
  • Ковакс хөтөлбөрийн хүрээнд 97.600 хүний АстраЗенека вакциныг 4 дүгээр сарын сүүлээр тус тус татан авах аж.


Нийслэлийн иргэдийг дараах үе шатын дагуу вакцинд хамруулна.

Өнөөдрийн байдлаар 5 дугаар үе шат буюу 50-64 настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хийж байна. Дараа нь 65-аас дээш насныхан болон эрхтэн шилжүүлсэн иргэд, үргэлжлүүлэн 18-25 насныханд, хамгийн сүүлд 26-49 насныханд коронавирусийн эсрэг вакцин хийнэ.


Вакцинжуулалтын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Улаанбаатар хотын иргэдийг 3, 4, 5 дугаар сард вакцинжуулж дуусна. АстраЗенека вакцин өндөр хариу урвал үзүүлж буй учир 65-аас дээш насныханд бусад төрлийн вакциныг хийнэ. Иргэдэд биеийн байдал, эрүүл мэндийн онцлог зэргийг нь эмч үзэж байж ямар вакцин тохиромжтойг сонгож санал болгоно. Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөмлөмжийн дагуу АстраЗенека вакцины хоёр дахь тунг 8 долоо хоног буюу 3 сарын дараа хийнэ. Прайзер вакцины хариу урвал хамгийн бага учир эхний ээлжид ирэх тус вакциныг эрхтэн шилжүүлсэн иргэдэд хийнэ.

Монгол Улс нийт 2 сая хүндээ 4 сая тун вакцин хийхээр төлөвлөсөн ч элэгдэл хорогдолыг тооцож нийт 4.5 сая тун вакцин татан авна" хэмээлээ.

Нийслэлийн иргэдийг вакцинжуулаад 6, 7 дугаар сард орон нутгийн иргэдийг хамруулахаар төлөвлөсөн байна.