Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны инженерүүд нь тус албанаас боловсруулан гаргаж байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор “AIS Mongolia” нэгдсэн аппликэйшнийг зохиож, хэрэглээнд нэвтрүүлжээ.

Энэхүү аппликэйшн нь Монгол Улсын Нисэхийн мэдээллийн эмхтгэл, NOTAM мэдээ, Нислэгийн цаг уурын мэдээ болон Монгол улсад үйлдэгдэж буй нислэгийн мэдээллийг англи, монгол хэлээр хэрэглэгчдэд хүргэх зориулалттай юм.

Хэрэглэгч интернетийн сүлжээнд холбогдсон Android болон Apple iOS үйлдлийн систем бүхий ухаалаг гар утас ашиглагч хэн бүхэн “AIS Mongolia” аппликэйшнийг үнэгүй суулган ашиглах боломжтой.

Хэрэглэгчид нислэгийн хөөрөлт, буултын цагийн  мэдээллийг авах сонирхол их байдаг тул “AIS Mongolia” аппликэйшний нислэгийн мэдээ цэс болон уг цэсээс нислэгийн мэдээллийг  хэрхэн авах талаар дурдъя. 

Энэхүү цэсэд Монгол улсад үйлдэгдэх тогтмол нислэгүүдийн цагийн хуваарь болон өдөр тутам үйлдэгдэж байгаа нислэгүүдийн хөөрөлт, буултын цаг, нислэг үргэлжлэх тооцоот цаг бүгд орох юм. Мөн онгоцны маяг, нисэн гарах, нисэх ирэх аэродромын мэдээллүүд байх ба хэрэглэгч уг мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой.

Тус аппликэйшний Нислэгийн мэдээ цэс рүү ороод, тухай нислэгээ сонгоход мэдээлэл нь дараах байдлаар гарна.