Олон улсын бартаат замын авто спортын “RFC Mongolia 2019” уралдааныг энэ сарын 21-26-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна. 

Rainforest Challenge /RFC/ уралдаан нь дэлхийд чансаагаараа аравт, хүнд зэрэглэлээрээ нэгт ордог бартаат замын авто спортын томоохон тэмцээн юм. 

Гурав хоногийн дараа зохион байгуулагдах “RFC Mongolia 2019” уралдаан нь эхний таван байрыг шалгаруулах аж. Шалгарсан тамирчдад Малайз улсад болох олон улсын уралдаанд оролцох эрх олгоно гэлээ.

Монголын бартаат замын авто спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Номтойбаяр:Долдугаар сарын 21-26-ны өдрүүдэд Олон Улсын RFC Mongolia 4x4 авто спортын наадам Монгол Улсад зохион байгуулагдана. Энэхүү наадам нь дэлхийд чансаагаараа эхний аравт, хүнд зэрэглэлээрээ нэгдүгээрт ордог. Бусад тэмцээнүүдтэй харьцуулбал зай богино хэдий ч бартаа ихтэй. Шавар, ус, өндөр уулын оргил гэх мэтчилэн 16 даваатай. Олон улсын стандарт, дүрмийн дагуу зохион байгуулагдаж байгаа учир аюулгүй байдлыг нэн түрүүнд хангасан. Энэ тэмцээнийг зохион байгуулах нь Монголд бартаат замын авто спортын төрөл хөгжүүлэхээс гадна аялал жуулчлалын салбарт ч тустай.