Даян дэлхийн олимпийн хөдөлгөөнийг удирддаг Олон улсын олимпийн хороо байгуулагдсан өдрийг мөнхлөх зорилгоор 1948 оноос эхлэж олимпийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх уламжлалтай болсон билээ.

Энэ өдрийн хүрээнд Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам/БСШУСЯ/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар/ЗГХА БТСГ/-аас хамтран "Олон улсын Олимпийн өдөр, Монголын тамирчдын өдөр"-ийн хүндэтгэлийн арга хэмжээг, Спортын төв ордны талбайд зохион байгууллаа.

Олимпийн өдрийн хүрээнд олимпийн медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагч, гэр бүлийнхэн болон олимпийн ахмад медальтнуудад хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийллээ. Мөн Соёлын төв өргөөнд болсонд арга хэмжээнд МУГЖ Д.Жаргалсайхан "Тамирчны алдар" дуугаа дуулсан байна.

 Монгол улс Олимпийн наадмаас анхны медаль хүртсэний 50 жил, Алтан медаль хүртсэний 10 жилийн ойн хүрээнд зохиогдсон уг арга хэмжээнд МҮОХ, БСШУСЯ, ЗГХА БТСГ, Дүүргүүдийн БТСХ, МҮПХ, Спорт холбоодын удирдлагууд хүрэлцэн ирж Олимпийн медальтнууд, үе үеийн шилдэг тамирчдадаа хүндэтгэл үзүүлж, баяраа тэмдэглэв. 

 Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал болох "Алтан Од" одонгоор Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, "Бээжин-2008" Олимпийн аварга, Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, "Бээжин-2008" Олимпийн аварга, "Лондон-2012" Олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр нарыг шагнав. 

 Хүндэтгэлийн ёслолд, олон нийтэд биеийн, тамир спортыг сурталчлах зорилгоор спорт холбоодын өсвөрийн тамирчид үзүүлэн тоглолт үзүүлсэн бөгөөд мөн иргэд дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодын заалаар үнэ төлбөргүй үйлчлүүлэв.