НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сараас эхлэн иргэдэд тараахаар төлөвлөж буй.

Татварын ерөнхий газрын урьдчилсан тооцооллоор 2019 оны НӨАТ-ын буцаан олголтоор 907 мянган иргэнд 139 тэрбум төгрөгийн урамшуулал олгох аж. Өнгөрсөн жил 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтоор олгосон юм.

НӨАТ-ыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд худалдан авалт бүрийнхээ баримтыг бүртгүүлсэн иргэний тоо болон буцаан олголтын хувь хэмжээ өссөн байна. 

Тухайлбал, татварын алба энэ оны эхний дөрвөн сард улсын төсөвт 1 их наяд 545.4 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлснээс 23.3 хувь буюу 313.7 тэрбум төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоос төвлөрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийн нэмэгдсэн орлогын албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 50.4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш борлуулалтын орлогын хэмжээ нь хуулийн шаардлага хангасан татвар төлөгчийн тоо 

✔2016 онд 2337,

✔2017 онд 2934, 

✔2018 онд  3638-аар, 

✔2019 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар 1027-оор нэмэгджээ. 

Мөн посс машин хэрэглэгчийн тоо 2016 онд 65.199, 2017 онд 88.010, 2018 онд 118.876 болж өсөн, мэдээллээ цахим төлбөрийн баримтын санд илгээж хэвшжээ. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг сүүлийн гурван жилийн байдлаар авч үзэхэд татвар ногдуулалт болон төвлөрүүлэлт жил дараалан өссөн байна.