НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар болон Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас Венесуэлийн дүрвэгчдийг хүлээн авч буй улс орнуудад 46 сая болон 32 сая долларыг тус тус олгохоор төлөвлөж байна. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик өчигдөр мэдээллээ.

“Тус хоёр байгууллагаас 46 сая болон 32 сая долларыг дүрвэгчдийг хүлээн авч буй улсууд болон нийгэмлэгүүдэд шилжүүлэн өгч эхэлсэн” гэдгийг тэрбээр хэлсэн байна.

Түүний ярьснаар, дээрх хоёр байгууллагаас гадна Венесуэлийн 2,3 сая дүрвэгчдэд туслах ажилд НҮБ-ын дэргэдэх бусад агентлаг, сангууд, төслийн газрууд оролцож байгаа аж.

Одоогийн байдлаар, тус хоёр байгууллага НҮБ-ын дэргэдэх Онцгой байдлын үед авах арга хэмжээний төв сангаас 6,2 сая долларыг гаргаад байна. Түүнээс гадна, НҮБ-ын харьяа байгууллагууд Венесуэлийн эрүүл мэнд, хоол хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг