Нөхрийгөө амиа алдсан хэмээн итгэж өөрийнхөө болон хоёр хүүхдийнхээ амийг аван одсон бүсгүйн эмгэнэлтэй түүх Хятадад олон хүнийг цочирдуулжээ. 

Түүний нөхөр 34 настай Хэ овогтой эр даатгалаас мөнгө авахын тулд ийнхүү хуурамчаар амиа алдсан болж жүжиг зохиосон нь эцэс сүүлдээ гунигтай гарз хохирлоор төгсчээ.

Тус залуу өнгөрсөн 9 дүгээр сарын 19-нд машин түрээслэсэн бөгөөд дараагаар нь албанынхан тус машиныг Шинхуа мужийн Зижианг голоос олсон байна. Гол болон голын эрэг газраар нэгжилт хийсэн боловч түүний биеийг олоогүй ажээ. Хэ-гийн эхнэр 31 настай Дай гэх эмэгтэй гурван долоо хоногийн дараа гудамжны камерт 3-4 насны хүү, охиноо дагуулан ойролцоо цөөрөм рүү явж байгаа нь бичигдсэн байна. Тэрээр хоёр хүүхдийнхээ гарыг холбон ус руу шидэн живүүлсэн ба удалгүй өөрөө усанд живжээ. Энэхүү үйлдлийг хийхээсээ өмнө өөрийн WeChat хуудсанд зурвас үлдээжээ.

Түүний зурваст нас барсан нөхрийнх нь гэр бүл, хамаатан түүнийг мөнгөө буруу зарцуулсан зэргээр нөхрөө нас барахад хүргэсэн гэж буруутгажээ. Дай энэ бүхнийг үүрэх тэнхээ байхгүй, үргэлжлүүлэн амьдрах хүсэлгүй болсон гэж хэлээд нөхөртөө маш их хайртай, түүнийг санаж байгаагаа бичсэн байна. Тэгээд өөрийнхөө амийг хорлохоос гадна хүүхдүүдээ авч яваад хойд насандаа гэр бүлээрээ уулзана хэмээн бичжээ.

Хэ гэр бүлийнхнийх нь биеийг цагдаа нар олсоны маргааш нуувчнаасаа ил гарчээ. Ойролцоо цагдаагийн газарт очин бүх хэргээ хүлээсэн ба санхүүгийн асуудлаа шийдэхийн тулд ийм алхам хийсэн гэжээ. 

Тэрээр 100.000 юань буюу 14.000 долларын онлайн зээл авсан байна. Цагдаагийн газрын мэдэгдснээр машины осол гарахаас долоо хоногийн өмнө  Хэ 1 сая юаны амь даатгал хийлгэжээ. Тэрбээр эрх баригчдад баривчлагдахаасаа өмнө эхнэр хүүхдүүдээсээ уучлал гуйсан дүрс бичлэг хийсэн байна. Хэ эхнэрээ өөрийгөө болон хүүхдүүдээ золиослоно гэж огт бодоогүй гэжээ.