Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу зарим аймгийн намын дарга болон ҮБХ-ны гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахаар болсон. Учир нь Төв аймгийн намын дарга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол Говь-Алтай аймгийнх төрийн албанд шилжин ажиллахаар болсонтой холбогдуулан дээрх нөхөн сонгуулийг зарласан байна. 

Дотоод сонгуулийн хорооны 2018 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 62, 64 тоот тогтоолын дагуу нөхөн сонгуульд нэр дэвшигчид өчигдөр үнэмлэхээ гардлаа. Төв аймгийн намын даргад Н.Энхболд, М.Төмөрчөдөр, Говь-Алтай аймагт О.Амгаланбаатар тус тус нэр дэвшин өрсөлдөх юм. Мөн  энэ үеэр Говь-Алтай аймгийн ҮБХ-ны гишүүний чөлөөт суудалд нэр дэвшигч Г.Баярсайхан үнэмлэхээ гардав. 

Нөхөн сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжлэх бөгөөд санал хураалт энэ сарын 21-ний өдрийн 09:00 цагт эхэлж 20:00 цагт дуусгавар болно гэдгийг Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос мэдээллээ.