Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ) -ийн хэрэгжүүлж буй "Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь" хөтөлбөрийн хүрээнд “SheVotes Mongolia: Эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоонд тулгарч буй саад бэрхшээлүүд” судалгааны ажлыг амжилттай гүйцэтгээд байгаа Эдүкэйтэд Энтерпрайз ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Энхзултай уулзаж ярилцлаа.


-Юуны өмнө чухал ач холбогдолтой судалгааны ажлын ард гарсанд баяр хүргэе. Энэ чиглэлийн судалгааны ажлууд нэлээд хийгдсэн байгаа харагддаг. Та бүхний хийсэн судалгаа юугаараа онцлог вэ?
-Баярлалаа. Нэгд, гүйцэтгэгч байгууллагын онцлог орох болов уу. Манайх нийгмийн энтерпрайз гэдэг утгаараа нийгмийн сайн сайхны төлөө цугласан өөр өөр мэргэжлийн залуусын нэгдэл юм. Тийм учраас манай судалгаа гүйцэтгэсэн баг дан академик судлаачид гэхээсээ илүүтэй өөр өөр газарт их дээд боловсрол эзэмшсэн, олон улсад ажил хөдөлмөр эрхэлж байсан туршлагатай хүмүүсээс бүрдсэн. Тэгэхээр асуулгуудыг онол, практик хослуулж, олон улсын жишигтэй харьцуулж боловсруулсан гэж ойлгож болно. Хоёрт, бидний ашигласан SheVotes аргачлал.

Тус судалгаанд БНОУХ салбар Эмэгтэйчүүдийн Ардчиллын Сүлжээ байгууллагуудын боловсруулсан “SheVotes” аргачлалыг ашигласан. Энэхүү олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга барилыг бид монгол хөрсөнд хөрвүүлэн буулгасан.


-Яагаад заавал энэ сэдэв рүү орох болов? Санаачилга болон санхүүжилтийн эх үүсвэрийн талаар дурдвал?
-Судалгаа хийх санаачилгыг 30 гаруй жилийн түүхтэй БНОУХ анх гаргаад, манай Эдүкэйтэд Энтерпрайз ХХК-д гүйцэтгэлийн ажлыг хийх санал тавьсан. Харин санхүүжилтийг Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (USAID) олгосон. USAID залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх бүтэн 2 жилийн хугацаатай томоохон төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ судалгааны ажил бол зөвхөн нэг хэсэг нь юм.

Өнгөрсөн УИХ-ын болон НИТХ-ын үеэр залуу сонгогчдод түлхүү чиглэж, тун амжилттай хэрэгжсэн UGLOO компанит ажил, Мину Хота гэх мэт шинэлэг, бүтээлч ажлууд мөн л тус төслийн нэг хэсэг.

Судалгааны хэсгээс...


-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны судалгаа боловч залуусын бүлгийг давхар хамруулах болсон талаар?
-Бид суурь судалгааны явцад судлагдахууныхаа статистик тоон үзүүлэлтүүдийг авч үзэхэд эмэгтэйчүүдээс гадна улс төрийн оролцооны хувьд илт хангалтгүй байгаа өөр нэг бүлэг бол залуус байгаа нь маш тод анзаарагдсан. Жишээ нь эмэгтэйчүүдийн хувьд 2020 оны сонгуулиар парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдсон. Энэ нь одоогийн байдлаар Монгол улсын хувьд хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент болоод байгаа хэдий ч нийт суудлын дөнгөж 17%. Гэтэл эмэгтэйчүүд нийт хүн амын 50% эзэлдэг.  


Харин залуус буюу 35 хүртэлх насны иргэдийн хувьд 2000 оноос хойш хийгдсэн зургаан удаагийн УИХ-ын сонгуулиар нийт ердөө 15 залуу гишүүн буюу 35 хүртэлх насны нэр дэвшигч сонгогдсон байдаг нь нийт парламентын суудлын ердөө 3%. Хүн амын 27%-ийг эзэлдэг 18-34 насны залуу үеийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд илт хангалтгүй байгаа нь ийнхүү харагдсан.


Нэг онцлог байсан нь эмэгтэйчүүдийн хувьд сонгогч талаасаа харахад харьцангуй идэвхтэй буюу нийт сонгуулийн ирцийн 55 хувийг бүрдүүлж байсан. Харин нөгөө талдаа сонгогдсон, шийдвэр гаргах түвшин дэх улс төрийн оролцооны хувьд хангалттай биш байсан. Залуусын хувьд бол аль аль талдаа оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. 

Тийм болохоор SheVotes гэдэг судалгааны аргачлалыг монгол хөрсөн дээр буулгахдаа залуучуудын асуудлыг нэмж оруулах зайлшгүй шаардлагатай болсон юм.


-Жендэрийн тэгш байдал, залуусын оролцоо гэдэг асуудлаар цөөнгүй судалгаанууд хийгдсэн байдаг. SheVotes судалгааны аргазүйн онцлог нь юу вэ?
-Эмэгтэйчүүд ба залуусын улс төрийн оролцоонд тулгарч байгаа саад бэрхшээл гэдэг өөрөө бүхэл тогтолцооны асуудал юм. Ганцхан эмэгтэйчүүдийн эсвэл залуусын идэвхийг дээшлүүлээд шийдчих асуудал биш. SheVotes аргачлал нь ийм системийн шинж чанартай асуудлыг системийн шинж чанартайгаар судлах боломж олгосон гэж ойлгож болно. Тус аргачлалын хүрээнд асуудлыг 3 түвшинд асуудлыг судалсан.


Эхний түвшин нь засаглалын түвшин. Хууль эрхзүйн орчин болон бусад шийдвэр гаргалтын түвшин дэх тулгардаг бэрхшээл талаас нь судалсан. 

Хоёр дахь түвшин нь нийгэм соёлын хүчин зүйлс. Нийгмийн хэвшмэл ойлголтууд болон соёлын элементийн талаас ямар ямар факторууд нөлөөлдөг тухай авч үздэг. 

Гурав дахь нь тухайн хувь хүний зүгээс ямар саад бэрхшээлтэй тулгарч байгаа талаас нь судлах. Эдгээр гурван түвшинд авч үзвэл энэхүү системийн асуудлыг аль болох олон талаас нь, цогцоор нь судалж чадах юм байна гэж дүгнэсэн. Энэ бол яах аргагүй нэг онцлог нь.
Дараагийн онцлог нь бид зөвхөн асуудлыг тодорхойлоод орхилгүй, тухайн асуудлыг шийдэхийн тулд яах ёстой вэ, ямар түвшинд ямар арга хэмжээ авах талаар хэрэгжүүлж болохуйц тодорхой зөвлөмжүүд гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл нэг цогц баримт бичиг болж байгаа юм.


-Судалгааны хамгийн онцлууштай үр дүн нь юу байсан бэ?
-Мэдээж энэ чиглэлээр хийгдсэн ажлууд өмнө нь их байдаг болохоор миний бодлоор бид өмнө нь огт байгаагүй цоо шинэ зүйлийн нээлт хийсэн гэхээс илүүтэй бусад судалгаанаас гарсан үр дүнгүүд ч гэсэн бүгд хоорондоо холбоотой юм байна гэдгийг харуулах боломж олдсон. Хоорондын уялдаа холбоо, динамикийг гаргасан гэсэн үг. 

Тэр утгаараа тогтолцооны олон асуудлын алийг нь ямар шалгуураар цөм болгож авч үзэх вэ гэх мэт асуудлууд дээр нэмэлт судалгаатай ажилласан учраас төслийн багт нэлээдгүй сорилт болсон.


-Дүгнэлтүүдээс зарим нэгийг нь танилцуулж болох уу?
-Бололгүй яахав. Ерөнхийдөө залуус эсвэл эмэгтэйчүүдийн улс төрийн процесст улс төрчийн байр суурьнаас идэвхтэй оролцоход нь нийгэм соёлын талаасаа ч, улс төрийн тогтолцоо талаасаа ч, хувь хүний хүчин зүйл талаасаа ч саад болж байгаа нэгэн нийтлэг асуудал гарч ирсэн нь “улс төр бол бохир” гэсэн ойлголт.

 “Улс төр” гэдэг үгийг “бохир” гэдэг үгтэй шууд холбож ойлгож байгаа олонхийн хандлага байгаа юм. 

Нийгмийн талаас буюу олон нийт зүгээс ийм хандлагатай байхад улс төрд идэвхтэй оролцох нь ичгэвтэр зүйл мэт санагдаж, улс төрийн асуудлаар олны өмнө ил гарахгүй байхыг илүүд үзэх нь хувь хүний саад бэрхшээл болчхож байгаа юм. 

Засаглалын түвшинд бол шийдвэр гаргах процесст байгаа хүмүүс нь өөрсдөө “бохир’ зүйлсийг хийсээр ирсэн байдлаар холбогдоод ирэх жишээтэй.Судалгааны хэсгээс...

-Тэгвэл энэ “улс төр бохир” гэдэг ойлголт нөгөө талдаа буюу сонгогч талдаа хэрхэн нөлөөлж байна вэ?
-Улс төр нэгэнт ийм бохир юм чинь би саналаа өгсөн өгөөгүй ямар ч ялгаагүй, миний санал тооцогдохгүй ч байх магадлалтай гэж үзээд саналаа огт өгөхгүй байх үзэгдэл байна. 

Өөр нэг үзэгдэл нь улс төрчид болон улс төрд хүчин зүтгэж байгаа ажилтнуудаас гадна сонгогчид өөрсдөө хэрсүү байж чадахгүйгээр “улс төр бохир” гэдэг ойлголтыг өөгшүүлдэг явдал. Үүний нэг жишээ бол саналаа худалдах. Заавал мөнгөн дүнгээр биш албан тушаалаар, эсвэл өөр ямар нэг тохироогоор саналаа худалдах үзэгдэл бодитоор байсаар байна. 

Олонх залуучууд хэн ямар шагнал урамшуулал, бэлэн мөнгө санал болгохыг нь хүлээгээд саналаа өгөхгүй сууж байдаг, нөгөө талаас нэр дэвшигчид нь түүнийг мэддэг болчихсон, шууд санал худалдаж авдаг байх жишээтэй. Үүнийг сонгуулийн ажиглагчаар оролцож байсан, манай судалгааны фокус группт багтсан хүмүүс бүлгийн ярилцлагаар хуваалцсан байсан. Иймээс энэ зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хууль шиг хоёр талтай асуудал болоод байгаа юм. 

Хэрэв хэрсүү сонгогчдын тоо нэмэгдэж, ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй тал дээр олуулаа итгэл үнэмшлээрээ нэгдээд ирвэл аяндаа энэ асуудал тодорхой хэмжээгээр багасах боломжтой.

Судалгааны хэсгээс...

-Фокус групп гэлээ, судалгаанд ямар ямар хүмүүс хамрагдсан бэ?
-Судалгаа чанарын болон тоон судалгааны хосолмол аргаар явагдсан. Гэхдээ урьд нь хийгдэж байсан судалгаатай харьцуулбал чанарын судалгааг маш их хийсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг судалгааны аргазүй хэсгээс үзэж болно. Нийгмийн, эдийн засгийн, соёлын янз бүрийн төлөөлөл оруулахыг зорьсон. Мөн парламентад суудалтай бүх намын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөө орон нутгийн иргэд гэх мэт бүхий л төлөөллийг хамруулсан. Үндэсний хэмжээний ажил учраас аль болох өргөн хүрээтэй судалгаа хийсэн.


-Судалгааны зөвлөмж хэсгээс танилцуулбал?
-Зөвлөмжийн хувьд хэд хэдэн оролцогч талуудад хандаж дүгнэлт, зөвлөмжүүд гарсан. Ингэхдээ хууль эрхзүй бодлогын түвшинд, нийгэм олон нийтийн түвшинд, мөн хувь хүний түвшинд тус тусад нь ангилж гаргасан.


Хууль эрхзүй, бодлогын түвшинд нэгдүгээрт бид СЕХ-д хандаж зөвлөмж гаргасан. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх цогц хөтөлбөр боловсруулах тухай. Сонгогчдын боловсролын тал дээр илүү цогцоор, нас насанд нь тохирсон байдлаар, нийгмийн бүлэг бүрд тусгайлан зориулж системтэйгээр ажиллах. Ингэснээс хэрсүү сонгогч байх соёлыг тогтоох боломж бүрдэх юм. 

Дараагийн зөвлөмжийг улс төрийн намуудад хандаж гаргасан. 

Хэд хэдэн зөвлөмжөөс онцлох нь намд шинээр эмэгтэйчүүд, залуучуудыг элсүүлж, намд элсэх болон үйл ажиллагаанд нь оролцох процессыг илүү тодорхой болгох. Энэ процесс нь тодорхой бус байдлаас шалтгаалан анх итгэл үнэмшлээрээ намд элссэн залуус, эмэгтэйчүүд замын дундаас буцдаг тохиолдол их байдаг юм байна. 

Мөн шийдвэр гаргах процесст эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах үүднээс ажлын бус цагаар, зөвхөн эрэгтэйчүүдээрээ нийлж (тухайлбал, “эрчүүдийн клуб”) ажил ярилцаж, шийдвэр гаргадаг байдлыг зогсоохыг дэмжсэн байгууллагын соёл нэвтрүүлэхийг зорих гэх мэт.


Цаашлаад УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдэд хүргүүлэх зөвлөмжүүд байна. Улс төрийн санхүүжилтийн асуудлыг шинэчлэн зохицуулах, хэн илүү мөнгөтэй дэвшигчид давуу эрх үүсдэг тогтолцоог халах, тодорхой нас хүртэлх насны залуус болон эмэгтэйчүүдийн квотын заалтуудыг шинэчлэх гэх мэт хэд хэдэн зөвлөмж гарсан.


Нийгэм олон нийтийн түвшинд бол иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийтэд хандаж мэдээллийн тэнцвэртэй байдлын төлөө тэмцэх, эмэгтэй улстөрчдийн талаар нийтлэхдээ нийгмийн хэвшмэл ойлголтод бус мэргэжлийн, жендэрийн мэдрэмжтэй, агуулгад ач холбогдол өгөх гэх мэт зөвлөмжүүд бэлэн болсон. Эцэст нь хувь хүний түвшинд эмэгтэй болон  залуу улстөрчид, залуу сонгогчдодоо хандсан сэтгэлзүйн дархлаа, баг бүрдүүлэлт, ухамсарт сонголтын талаар зөвлөмж боловсруулсан.


- Судалгааны материалыг хаанаас үзэх боломжтой вэ?

- Судалгааг олон нийтэд аль болох хүртээмжтэй байлгах үүднээс татаж авах боломжтойгоор онлайн тавих юм. IRI (www.iri.org) болон Эдүкэйтэд Энтерпрайз ХХК (www.educated.mn) цахим хуудаснуудад байршуулна. Эмэгтэй болон залуу улс төрчид, энэ асуудлаар сонирхсон хэн бүхэн уншиж танилцаад, ажил амьдралдаа ашиглаж, үр шимийг нь хүртэж байвал судалгааны ажлын бас нэгэн үр дүн юм.


Танд баярлалаа