Гаж нөлөө, үр дүн болоод шаардлагатай зүйлсийг тооцоолсон эсэх нь эргэлзээтэй ч ОХУ ирэх 2 долоо хоногийн дотор дэлхий дахинаа коронавирусийн вакциныг бүтээсэн анхны улс болно. 

Оросын удирдлагуудын мэдээлж буйгаар 8 дугаар сарын 10-ны дотор вакцины зөвшөөрлийг авна гэжээ. Тус вакциныг Москва хотод байрлалтай Гамалея институтэд зохион бүтээжээ. Тэдний хэлж байгаагаар уг вакцин нийтийн хэрэглээнд зөвшөөрөгдсөн байх бөгөөд хамгийн эхлээд эмч сувилагч нарт тарина гэв.

Вакцины туршилтыг санхүүжүүлсэн Оросын бүрэн эрхт баялгийн сангийн захирал Криль Дмитров 1957 онд Зөвлөлтийн амжилттай хөөргөж байсан дэлхийн анхны хиймэл дагуулыг дурсан "Энэ бол "Спутник" буюу хиймэл дагуулын мөч. Америкчууд Спутникийг дохио өгөхөд маш их цочирдож байсан. Энэ вакцины хувьд ч ялгаагүй. Орос улс хамгийн анхных гэсэн нэр хүндийг хүртэх учиртай" хэмээн хэлжээ. 

Гэсэн хэдий ч ОХУ вакцины туршилтын талаар ямар ч шинжлэх ухааны үндэслэл бүхий мэдээ гаргаагүй бөгөөд CNN-ийн зүгээс тус вакциныг гаж нөлөөгүй, үр дүнтэй гэж баталж чадахгүй байгаа юм. Шүүмчлэгчдийн үзэж буйгаар Кремлийн зүгээс вакцин үйлдвэрлэх шахалт нь тус улсыг дэлхийн шинжлэх ухааны хүчин чадал бүхий гэж харагдуулахад оршиж байгаа гэжээ. 

Түүнчлэн вакциныг хүн дээр туршиж үзээгүй байгаа талаар санаа зовниж байна.

Дэлхий дахинаа зарим вакцины туршилт 3 дугаар шатандаа явж байгаа ч Оросын вакцин 2 дугаар шатандаа явж байгаа юм. Хөгжүүлэгчдийн хэлж буйгаар 8 дугаар сарын 3-н гэхэд 2 дугаар шатаа дуусгаад вакцинжуулалтаа эхлүүлэхийн зэрэгцээ туршилтаа үргэлжлүүлэх аж. 

Оросын шинжээчдийн хэлж буйгаар тус вакцин нь өмнө нь өөр төрлийн өвчний эсрэг хэрэглэхээр бүтээгдэж байсан тул богино хугацаанд хөгжүүлэгдсэн гэнэ. Энэ нь ихэнх орон, ихэнх компаниудын хэрэгжүүлж буй арга билээ.

Жишээлбэл, АНУ-аас хөгжүүлэгдэж буй Модерна нэрт вакцин нь өнгөрөгч даваа гарагт 3 дахь шатны туршилтаа эхлүүлсэн бөгөөд угтаа МЕРС вирусийн вакциныг суурь болгон хөгжүүлж байгаа юм. 

Мөн уг төслийн удирдагч Александр Гинсбургийн хэлснээр тэрээр аль хэдийн вакциныг өөртөө тарьсан гэжээ. 

Харин Криль Дмитров "Манай шинжлэх ухаанчид анхных байхад бус хүмүүсийг хамгаалахад анхаарч байгаа" гэв. 


Эх сурвалж: CNN