1. “Үндэсний Эвсэл”-ийн сонгуулийн сурталчилгааны нээлт үзэл санааных нь эцэг болсон Солийн Данзангаар “амьсгаллаа”. Үндэсний ардчилсан үзэл баримтлалыг баримтлагч С.Данзан нь тэртээ 1921 онд л Харли Дэвидсон унадаг ганган эр байв. Энэ утгаараа нээлтийн үйл ажиллагаанд chopper унасан дээлтэй залуу эвслээс нэр дэвшигчид, гишүүд, дэмжигчдэд мэндчилгээ дэвшүүлсэн юм. 
  2. Үргэлжлүүлэн Солийн Данзангийн үг, үйлдлийг дэвшилтэт технологи ашиглан бодит мэт үзүүлэв.
  3. “Үндэсний Эвсэл” “1 улс төрч, 1000 мэргэжилтэн” зарчмынхаа хүрээнд салбар бүрийн мэргэшсэн 70 нэр дэвшигчийг танилцуулав. 
  4. “Үндэсний Эвсэл”-ийн нэр дэвшигчид иргэд, дэмжигчидтэй хариуцлагын гэрээ байгууллаа. Энэхүү гэрээн дээр үндэслэж “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн нэр дэвшигчдэд батламж гардуулсан нь улс төрд шинэ соёл бий болголоо.
  5. Нэр дэвшигчидтэй гэрээ байгуулсан иргэдийн төлөөлөл сэтгэгдэл хэлж, амлалтаа биелүүлж, өөрчлөлт шинэчлэлтийг авчрахыг захив.
  6. “Үндэсний Эвсэл” “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжья” мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Эвслийн уриа нь мөн “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” юм. 
  7. “Үндэсний Эвсэл”-ийн нийт нэр дэвшигчид ногоон өнгийн костюмаар хосолсон нь тун ч өнгөлөг харагдаж байв. 
  8. Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Го.Аким нар ирж, дэмжиж буйгаа илэрхийлэв. 
  9. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном “Данзангийн доллар”-ыг “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярт “Иргэдээ баяжуулах амлалтаа биелүүлээрэй” гээд өргөн барьсан юм. Солийн Данзан нь үндэсний ардчилсан үзэл баримтлалынхаа хүрээнд тэртээ 1921 онд шинэ засгийн анхны нэгдсэн мөнгөн дэвсгэрт болох “Данзангийн доллар”-ыг санаачилсан алсын хараа, холч ухаантай сэхээтэн байсан юм. 
  10. “Үндэсний Эвсэл”-ийн сонгуулийн сурталчилгааны нээлт эхлэх үеэр эвслийн тэргүүн Н.Номтойбаярын нэр дэвших эрхийг олгох шүүхийн шийдвэр албажиж, холбогдох тогтоол нь гарав. Харин эвслээс Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч П.Баярхүү, Д.Ганболд, жагсаалтын зургаадугаарт нэр дэвшигч Н.Хулан нар нэр дэвших эрхээ сэргээлгэх эсэх асуудлаар Захиргааны хэргийг анхан шатны шүүхэд хандаад байгаа юм.