ОТТАВА. /TASS/. ОХУ-ын паспорттой Бүгд Найрамдах Донецк Ард Улс /БНДАУ/ болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсын /БНЛАУ/ иргэдэд Канад улс зорчих виз олгохгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Христя Фриланд Торонто хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Тус хотод Украинд шинэчлэл хийх асуудлаарх Гуравдугаар бага хурал болж байгаа юм.

“Өөрийгөө зарлан тунхагласан БНДАУ болон БНЛАУ-ын иргэдэд ОХУ-ын паспорт олгож байгаа явдлыг бид Украины эсрэг чиглэсэн түрэмгий үйлдлийн хувиар харж байгаа бөгөөд буруушааж байна. Гэвч энд буруутгал хангалтгүй учраас бид эдгээр паспортыг хүчингүйд тооцно” гэж Канадын Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна. Үүний сацуу тэрбээр энд "Оросын паспортыг хууль ёсоор эзэмшигчдийн" талаар яриагүй гэдгийг цохон тэмдэглэжээ. Энэ арга хэмжээ нь мөн Донбассын эзлэгдсэн газар нутгийн оршин суугчдыг Канадад нэвтрүүлэхгүй байхад чиглээгүй байна. "Донбассын эзлэгдсэн газар нутагт оршин суудаг хүмүүс зөвхөн Украины паспортыг ашиглан Канадад зорчих виз хүсэж болно” гэж тэрбээр хэлсэн байна.

Оросын паспорт авсан дээрх хоёр улсын иргэдийг хэрхэн тодруулах талаар Фриланд тодорхой мэдээлэл өгөөгүй боловч Канадын цагаачлалын алба үүнийг хийж чадна гэдгийг хэлжээ. Тэрбээр мөн олон улсын түншүүддээ хандан, Канадын “жишээг дагахыг” уриалжээ.


 


Эх сурвалж: Монцамэ агентлаг