МОСКВА./РИА Новости/. ОХУ-аас Украинд нүүрс болон нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхийг зогсоох тухай шийдвэр өнөөдөр буюу 6 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болж байна.

Оросын засгийн газрын тогтоолд дурдсаныг үзвэл, шууд нэрэлтийн бензин болон товарын бензин, дизель түлш ба пропан, бутан болон бусад төрлийн шингэрүүлсэн хийг зөвхөн Эдийн засгийн хөгжлийн яамны зөвшөөрлөөр Украинд нийлүүлж болох ажээ.  

Нийлүүлэхийг хориглосон түлшний жагсаалтад чулуун нүүрс, брикет түлш, хорголжин түлш зэрэг хатуу түлш, чулуун нүүрснээс гарган авсан кокс болон хагас кокс, лигнит буюу хүрэн нүүрс орсон байна.

Баасан гарагт Эдийн засгийн хөгжлийн яамнаас Украинд түлш нийлүүлэх зөвшөөрлийг олгож болох компаниудын жагсаалтыг засгийн газарт хүргүүлсэн бөгөөд уг жагсаалтад зөвшөөрөл ба нийлүүлэлтийн хэмжээг сар бүр тогтоох тухай дурдсан байна.

Үүнтэй холбогдуулан Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Александр Данилюк мэдэгдэхдээ “Оросоос нефть болон бутан хийг манай улсад нийлүүлэхийг хориглосон явдал нь бэрхшээл асуудлууд үүсгэнэ” гэжээ.

Түлш нийлүүлэхийг хориглох тухай шийдвэрийг 4 дүгээр сарын дундуур гаргасан бөгөөд энэ нь Оросын эсрэг авсан хоригоо өргөжүүлэх талаар Украины засгийн газраас гаргасан шийдвэрийн хариуд хийсэн алхам юм.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг