ПАРИС. /Xinhua/. Францын нийслэл Парис хотын төв болон захын хэсгээр долдугаар сарын 1-нээс эхлэн хуучин, дизель хөдөлгүүртэй автомашинуудыг бүрэн хоригложээ.

Парис хотын агаарын чанарыг сайжруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулахын тулд байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл хэрэглэхийг Францын Засгийн газар уриалсан байна. 

Өнөөдрөөс эхлэн “Crit'Air 4” төрлийн тээврийн хэрэгслүүдийг Парис хотод, “Crit'Air 5” төрлийн тээврийн хэрэгслийг Иль-де-Франс бүсийн замын хөдөлгөөнд оролцохыг хориглож байна” гэж Парис хотын даргын орлогч Эмманюэль Грегори даваа гарагт мэдэгджээ. 

Crit'Air 4 төрлийн тээврийн хэрэгсэлд 2006 оноос өмнө бүртгэгдсэн дизель хөдөлгүүртэй автомашинууд, 1997 оноос өмнө үйлдвэрлэгдсэн бензин хөдөлгүүртэй автомашин, 2004 оны долдугаар сараас өмнө бүртгэгдсэн мотоциклууд багтдаг бол “Crit'Air 5” төрөлд 1997 оны нэгдүгээр сараас 2000 оны 12 дугаар сарын 31-нд бүртгэгдсэн дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүд ордог байна. 

Ингэснээр Парист бүртгэлтэй 8 сая автомашины 2.76 сая нь даваагаас баасан гарагийн 06-18 цагийн хооронд хотоор зорчих эрхгүй болж байгаа аж. Дээрх дүрмийг зөрчсөн мотоциклын жолоочид 68 еврогийн /76 ам.доллар/, автобус болон ачааны тэрэгний жолоочид 135 еврогийн торгууль ногдуулна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг