Голомт банкнаас жил бүр зохион байгуулдаг “Амжилтын баяр”-ын арга хэмжээгээ энэ удаад цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор виртуалаар зохион байгуулж, шилдэг ажилтнуудаа шалгаруулан урамшууллаа.

Тухайн жилээ дүгнэн хэлэлцэж, амжилтаа тэмдэглэн, тэрхүү амжилтад өөрийн хөдөлмөр зүтгэлээр хувь нэмрээ оруулан амжилт гаргасан шилдэг ажилтнуудыг алдаршуулан хөдөлмөрийг нь үнэлэх нь тус арга хэмжээний чухал мөч яах аргагүй мөн билээ. Голомт банкны 2000 гаруй гишүүнтэй өнөр бүл дундаас эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө шинэ сорилт, бэрхшээл бүхнийг өөрийн хичээнгүй хөдөлмөр, эрдэм мэдлэг, авъяас чадвараараа даван туулж өндөр амжилт гаргасан “Од ажилтан”, “Од менежер”-ийг Амжилтын баярын үеэр тодруулсан юм. 

2020 оны Голомт банкны “Од ажилтан”-аар тус банкны Програм хөгжүүлэлтийн хэлтсийн системийн шинжээч А.Гантулгыг тодруулж, Lexus RX450 загварын автомашинаар урамшуулсан бол, “Од менежер”-ээр тус банкны Хан-Уул Бизнес төвийн захирал С.Төгсбилэг шалгарсан бөгөөд түүний банкандаа оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн “Энхжин” хотхонд байрлах цоо шинэ 2 өрөө байраар бэлэг барилаа. Түүнчлэн амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан шилдэг 12 ажилтныг тодруулан тус бүр 7 сая төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулсан байна.

 

Өнгөрөн одож буй жил хэдийгээр дэлхий даяар шинэ сорилтыг авчирч, эдийн засгийн хувьд багагүй бэрхшээлийг туулсан ч Голомт банкны удирдлагуудын зүгээс ажилтан, хамт олныхоо хөдөлмөрийг өндрөөр үнэлэн урмаар тэтгэсэн явдал болжээ.

Голомт банкны зүгээс улс оронд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх УОК-ын шийдвэрийг хүндэтгэн дагаж, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан виртуал тайзыг бүтээж, график дизайнд суурилсан шинэ жилийн арга хэмжээг анх удаа виртуалаар амжилттай зохион байгуулсан нь салбартаа дахин нэг жишгийг тогтоосон явдал болсон байна. Түүнчлэн банкны гишүүн бүр анх удаа банкныхаа “Амжилтын баяр”-т гэр гэртээ хайртай гэр бүлтэйгээ хамт, халуун ам бүлээрээ хамтдаа суун тухлан оролцсоноороо онцлогтой болжээ.