Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжиннямаас ЕБС-ийн ном сурах бичиг түүнийг тойрсон асуудлаар тодруулга авлаа.

-Зарим эцэг эхчүүд сурах бичиг үнэтэй байна гэдэг. Хаанаас авах ёстой вэ?

-Сурах бичгүүд хэвлэдэг компаниуд өөрийн хэвлэх өртөг, тооцогдох татвар зэргийг шингээж зардаг. Яамны зүгээс зарагдах үнэ дээр хязгаар тогтоодог учраас хэд дахин нэмэгдэх боломжгүй. Харин ажигласнаар тэрхүү сурах бичиг дуусаад хэвлэгдэх хооронд номын худалдаачид хүмүүсийн гар дээрх номыг дамладаг тал бий. Яаманд ирдэг сурах бичгийн үнэтэй холбоотой маргааныг шалгахад ч ийм байдаг ажиглагддаг. Тиймээс эцэг эхчүүдэд сурах бичиг хэвлэх албан ёсны эрх авсан Мөнхийн үсэг, Адмон, Соёмбо, Сэлэнгэ, "Битпресс", "Содпресс", "Эдмаркет" зэрэг найман компаниас хүүхдийнхээ ном сурах бичгийг худалдан авахыг зөвлөмөөр байна.

/ Сурах бичгийн үйлдвэрийн үнэ болон шинэчлэгдсэн сурах бичгийг худалдах эрх бүхий компаний нэр, сурах бичиг худалдаж буй байршил, холбогдох утасыг энд дарж үзнэ үү/

-Энэ жил сурах бичгийн үнэ нэмэгдсэн үү?

-Энэ жил сурах бичгийн үнэ өсөөгүй. Бүх ангийн сурах бичгийн үнэ 1300-4500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Бага ангийн сурагчид бүх номоо үнэгүй авч хэрэглэдэг бол ахлах болон дунд ангийн сурагчид номоо худалдан авдаг. 

- 6-аас дээш ангийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд ном хэрхэн хүрдэг вэ?

-Худалдан авах чадвар сул нийгмийн зорилтот бүлгийнхэнд чиглэж сурагчдын 40 хувьд хүрэлцэх сурах бичгийг төрөөс хөрөнгийг нь гаргаж хэвлэдэг. Эдгээр номыг сургуулийн номын сангаар дамжуулан олгож байна.Орон нутагт ч бас хүргэгдсэн.Нөхөн хэвлэх сурах бичгүүд ч бас хэвлэгдсэн байгаа.

-Сурах бичгийг байсхийгээд шинэчилж байна гэсэн маргаан гардаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Зарим хүмүүс ном сурах бичгийг жил болгон шинэчилж хэвлэж байна гэж ташаа ойлгосон бололтой. Энэ бол буруу ойлголт. Сурах бичгийг хэвлэх нь хамгийн багадаа 5 жил зарцуулж байж шийдэх асуудал. Өнөөдрийн хэрэглэж буй номуудыг үе шаттайгаар 2014 оноос хойш шинэчлээд явж байна. 

-Өнгөрсөн жил тендерийн маргаанаас бол ахлах ангийн сурах бичиг оройтож хэвлэгдсэн. Энэ жил ийм асуудал гарах уу, хэвлэгдээгүй сурах бичиг бий юу?

-Сурах бичиг зохиохтой холбоотой маргаанаас болж шүүхийн маргаан гарсан. Эдгээр сурах бичгийг маргааны дараа л хэвлэнэ. Хэвлэгдэх хүртэл багш сурагч нарт зориулж Боловсолын хүрээлэнгийн вэб сайтад номыг байрлуулахаар болсон. 

Танд хэрэгтэй:

  • Ерөнхий боловсролын дунд ангийн 2018-2019 оны хичээлийн жилд ашиглах сурах бичгүүдийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.
  • Ерөнхий боловсролын бага ангийн 2018-2019 оны хичээлийн жилд ашиглах сурах бичгүүдийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.
  • Ерөнхий боловсролын ахлах ангийн 2018-2019 оны хичээлийн жилд ашиглах сурах бичгүүдийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.