Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсан харамсалтай хэрэг гарсан.

Үүнтэй холбоотой асуудлаар Нийслэлийн Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч н.Тулга "Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Улмаар сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа. Үүнд НИТХ-ын төлөөлөгчид бид маш их санаа зовж байна. Агаарын бохирдолтой тэмцэх ажилтай холбоотойгоор бид сар бүр мэдээлэл авч, нөхцөл байдалтай танилцаж ирсэн. Гэвч зарим мэдээлэл дутуу ирсэн байна. 

Жишээлбэл, хоёрдугаар сарын 15-нд сайжруулсан түлшний чанарын талаар хүний эрүүл мэндэд эрсдэлтэй гэдэг дүгнэлтийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас гаргасан байсныг бид одоо олж авч байна. 

Энэ маш эмзэг асуудал. Улстөржих зүйл биш. Өвөл ойртож байна. Улаанбаатар хот гал алдахвий, дахин хүний амь нас эрсдэхвий. Сошиалаар янз бүрийн мэдээлэл явж буй ч бодит үнэн мэдээлэл олж тогтоох нь зүйтэй. Ардчилсан намын бүлэг болон бусад намын төлөөлөгчдийн бүлгээс Монгол Улсын нийтийн сонсголын хуулийн дагуу уг асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол хийх албан хүсэлтийг НИТХ-ын дарга Р.Дагвад өнөөдөр өргөн барьж байна" хэмээв.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр 10.00 цагт хуралдах товтой байсан ч одоог хүртэл эхлээгүй байна.