Гэнэтийн, богино, хүчтэй, цөмийн бус дэлбэрэлт Атлантын далайн өмнөд хэсэгт болсныг цөмийн бөмбөгийн туршилтыг хянадаг газраас мэдээлжээ. Сураггүй болсон хүмүүсийн ар гэрийнхэн мэдээг дуулаад гашуудаж, зарим нь бухимдлаа илэрхийлж эхэлсэн байна. 

АНУ-аас тухайн бүсээс маш чанга дуу чимээ гарлаа гэх мэдээллээс удалгүй дэлбэрэлт байсныг тогтоосон юм. ARA Сан Хуан шумбагч өнгөрсөн лхагва гарагт алга болжээ. Улмаар АНУ, ОХУ, Их Британи тэргүүтэй 10 гаруй орон эрэн хайх ажиллагаанд тусалсан. 

Дэлбэрэлтийн талаарх мэдээллийг Вена дахь Бүх төрлийн цөмийн бөмбөгийн туршилтыг хориглох гэрээний байгууллагаас пүрэв гарагт өгчээ. Мэдэгдэлд тэдний усны дуу авианы хоёр станцад усан доор цочир хүчтэй зүйл мэдрэгдсэн тухай бичсэн байж. 

Түүнчлэн Америкаас шумбагч онгоц алга болсноос хэдхэн цагийн дараа усан дуу авиа хэвийн бус болсныг хэлсэн гэв. Аргентиний усан цэргээс энэ бүхэнд үндэслээд дэлбэрэлт шумбагч онгоцны хамгийн сүүлд харагдсан газраас холгүй болсныг мэдэгджээ. Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжлэх юм байна.