Нэг сарын хугацаанд хоол хүнсэндээ 3500 рублийг зарцуулахаар шийдсэн ОХУ-ын Саратов мужийн депутат Николай Бондаренко 3 долоо хоног үргэлжилсэн туршилтынхаа үр дүнг хэлжээ.

Туршилтын дүнд тэрбээр хэрэглээний сагс болон амьжиргааны доод хэмжээг ихээхэн нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч, зохих саналыг тавихаар засгийн газарт хандана гэдгээ амлажээ.

Хэрэглээний сагсны хэмжээ 10000 рублиэс доошгүй, амьжиргааны доод түвшин 20000 рублиэс багагүй байх ёстой гэж Бондаренко үзэж байгаа аж. Түүнчлэн тэрбээр бусад парламентын гишүүн болон сайд нарыг түүний жишгийг дагаж, хоол хүнсэндээ сард 3500 рубль зарцуулж үзэхийг уриалжээ.

"Оросын иргэдэд зориулж чухал шийдвэр гаргадаг хүмүүс өөрсдөө шийдвэрийнхээ үр дагаврыг амсаж үзэх хэрэгтэй гэж бодож байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Туршилтыг тэрбээр өнгөрсөн сарын сүүлчээр Саратов мужийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Наталья Соколоватай маргалдсаныхаа дараа эхлүүлэхээр шийдсэн байна. Туршилтыг эхлүүлснээс хойшхи хоёр долоо хоногийн дараа тэрбээр 6 килограммаар турсан гэдгээ өмнө нь мэдэгдсэн байна.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, АиФ