Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас холбогдох байгууллагуудтай хамтран “Хар тамхи, мансууралтай тэмцэх” дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Иймээс иргэдийг гадаад зорчихдоо энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох мөн хүний гуйвар болон мөнгө амласан ачаа тээш авахгүй байх, авсан тохиолдолд сайтар шалгахыг санууллаа. 

Энэ төрлийн гэмт хэргийн статистикийг харвал 2018 онд 199 гэмт хэрэгт 402 хүн холбогдон шалгагдсан бол 2019 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 96гэмт хэрэгт 188 хүн холбогдон шалгагдаж байна. Тэдний цөөнгүй хэсэг нь хүний гуйвар ачаа тээшийг хүргэж яваад уг хэрэгт холбогдсон байдаг аж.

Хар тамхины гэмт хэрэгт холбогдогчдын 54,2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй бол боловсролын байдлаар нь үзвэл 67,5 хувь нь бүрэн дунд, 23,4 хувь нь дээд, 6,3 хувь нь бүрэн бус дунд, 1 хувь нь тусгай дунд боловсролтой.

Гадаад улсын 7 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсоноос ХБННУ-4, БНСУ-1, Франц-1, Энэтхэг-1 байна.

Орон нутагт 2019 оны хагас жилийн байдлаар 13 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнд,

Орхон аймагт 8,
Сэлэнгэ аймагт 1,
Булган аймагт 1,
Төв аймагт 1,
Дорнод аймагт 1,
Өмнөговь аймагт 1 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвөөс мэдээллээ.