"Яруусал" хэмээх яруу төгөлдөр нэрэндээ зохицсон үйл ажиллагаа явуулдаг бүлгэмийг үүсгэн байгуулагч гэдгээр нь л эчнээ мэдэх Шуурайн Солонго гэдэг бүсгүйн уран бүтээлтэй анх танилцаад ихэд урамтай байнаа. "Шамбалын цэнхэр салхи" зохиолоо Шамбалаас зугтагсад гэж давхар гарчиг тавьсан нь анхаарал татна. Энэ зохиолын сэтгэмж тун дажгүй, сэдэв нь анхаарал татна. Алийн болгон соц.реализмын аргаар бичигдсэн солонгос сериалын хувилбар уншиж суухав дээ залуус минь!

Хүний дотор талруу өнгийж үзсэн, оршихуйг хөндсөн иймэрхүү сэтгэлгээний зохиолыг уншиж сэтгэл оюунаа баясгаасай гэж бодож байна. Уг зохиолд баруун аймаг руу аялж яваа нэг Америк, хоёр Герман, нэг Япон жуулчин орчуулагч хөтөч Оюумаа бүсгүй, жолооч Гийжээ нарт тохиолдсон сонин явдлын тухай гэхээсээ тийм зохиомж бодож олоод түүгээрээ дамжуулан үйлийн үр, учрал тохиол, хүний амьдралын далд ухамсарын гүнрүү нэвтрэх гэсэн зохиолчийн эрэл хайгуул үнэ цэнэтэй байна. Гэнэтийн угалзан шуурганд өртөн Сэнхэрийн агуйд орсон хөтөч Оюумаа, Герман гэр бүлийн хоёр Ханс, Марго болон Япон эр Тацуяа нар үлгэр домогт л орших Шамбалын үүдэнд ирчихсэн байх нь тэр. Шамбалын оронд нэвтрэхийн тулд, гэмших, ухаарах, гэгээрэх гэсэн гурван шатыг дамжих ёстой. Мах цусанд төрсөн хүмүүнийг нүгэл гээч сүүдэр мэт дагах аж. Санаатай, зориуд биш ч амьдралын зайлшгүй тохиолдлоор ч юмуу, залуу насны гэнэн томоогүйн харгайгаар, нэг удаагийн болчимгүй үйлдлээс болж "нүгэл" үйлдэх, тэр үйлдсэн нүглээ далд ухамсартаа тээж, гэмшин харуусах явдал хүний дотоод сэтгэлийг хэрхэн шаналгаж байдгийг л уран сайхнаар үзүүлж байна даа.

Хаанахын хэн байх нь хамаагүй, хүмүүн төрөлт гэдэг утгаараа бүгд адилхан зовж шаналагсад. Хэнд ч ил гаргаж хэлдэггүй тэр далд нууцууд хүний сэтгэлээс хэзээ ч гарахгүй зовоож явдаг аж. Харин Шамбалын үүдэнд ирсэн тэд "нүгэл"-дээ гэмшин харуусч, цоо шинээр орчлонг харах хувь заяатай хүмүүс аж. Тэд ямар нүгэл үйлдсэн хүмүүс бол доо? Шамбалын үүдэнд ирсэн тэд, шамбалаас яагаад зугтах болов? Та сонирхож байвал, энэ зохиолоос уншиж үзээрэй! Богинохон зайд, нуршиж сунжралгүй хүний амьдралын жам ёсыг ухааруулж байна. Энэ чинь л том олз шүү!

Япон эр Тацуяан тухай өгүүлэхдээ японы нийгмийн эмгэнэл болсон хэсгий нь нүдэнд нь харагдтал бодитой дүрслэн үзүүлж байна. "Аватар" кинонд гардаг нэвт гэрэлтдэг ариун мод нүднээ харагдах шиг болов. "Шамбал бол сүнснүүдийн хоргодох газар биш, гэгээрсэн оюун ухааны чөлөөтэй зорчих амар амарлангуйн орон"- Би ийм л ойлголт авлаа. Харин ялимгүй тохиолдлоор агуйд орж чадаагүй жолооч, Америк эр хоёрыг та сонирхож байна уу? Америк эр яг миний таамагласан тийм этгээд мөн байлаа. Харин эгэл боргил жолооч Гийжээ одоохондоо харамсаж халаглахаар нүгэл үйлдээгүй ч юмуу, эсвэл цаг нь болоогүй байх гэж бодсон. Уран зохиолын эрэл хайгуул хийж, бодож эргэцүүлэх юмтай бүтээл туурвисан зохиолч бүсгүйн өөр бүтээлүүдтэй танилцах урам зориг төрлөө.