АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр дахь хугацаандаа ажиллах болсонд баяр хүргэжээ. Ноён Трамп энэ лхагва гарагт твиттер хуудастаа ноён Шитэй утсаар ярьж Коммунист намын дарга болсонд баяр хүргэсэн тухайгаа бичсэн аж. Тэд Хойд Солонгосын талаар ч үг сольж амжсан гэв.

Ши Жиньпин эхнэрийн хамтаар Дональд Трампын Флорида дахь харшид нь зочилсон үеийн зургийг оруулаад “Меланиа бид хоёр удахгүй Ерөнхийлөгч Ши болон түүний эхнэр Пэн Лиюаньтай уулзах гэж байгаадаа баяртай байна. Түүхэн аялал болох байх” гэжээ. 

Ноён Трамп Хятадад айлчлахдаа Хойд Солонгосын цөмийн зэвсэг, бөмбөг болон АНУ, БНХАУ хоорондын худалдааны тэгш бус байдал гэх мэт асуудлыг шийдэхийг зорьж буй. Хятадын Синьхуа агентлагын мэдээлснээр ноён Ши АНУ-тай тогтоосон харилцаагаа чухалчилж байгаа. Тиймээс хоёр биенээ хүндэлж, цаашид урт хугацаанд тогтвортой харилцаа тогтооход найдаж байгаа тухай дамжуулсан.