Авлигатай тэмцэх газрын авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн Завхан аймаг дахь гишүүдээс мэдээ ирүүллээ.

Завхан аймаг дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд байгуулагдсан авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн болон Улиастай сумын 1 дүгээр цэцэрлэгийн шилэн дансны мэдээллийг шалгаж үзжээ. 

Засаг даргын нөөц, сан болон Замын сангийн хөрөнгийн зарцуулалтыг тусад нь салгаж мэдээлээгүй бөгөөд нийт төсвийн хөрөнгийн зарцуулалтын дүнд оруулсан байв. Дээрх сангуудын төсөв нэр заагдан батлагддаг учир тусад нь мэдээлэх шаардлагатай гэж Олон нийтийн дэд зөвлөлөөс холбогдох албан тушаалтнуудад зөвлөсөн байна. Түүнээс гадна Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн болон гүйцэтгэлийн мэдээллийг хугацаа хоцроосон, хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэлийг бүрэн мэдээлээгүй зөрчлийг арилгуулж, дахин гаргуулахгүй байхад анхааран ажиллаж байгаа ажээ. Улиастай сумын 1 дүгээр цэцэрлэг нь шилэн дансны цэсэндээ шаардлагатай мэдээллийг байршуулаагүй, аудитын байгууллагын зөвлөмжийн хэрэгжилтийн биелэлтийг хугацаа хожимдуулсан байв.

Түүнчлэн аймгийн Худалдан авах ажиллагааны албаны үйл ажиллагаатай танилцаж, тендер шалгаруулалт, тендерт оролцох байгууллагын санхүүгийн тайланд аудитын дүгнэлт өгсөн аудитын компанийн дүгнэлт бодитой эсэх талаар дүн шинжилгээ хийхэд 3 тендерт оролцсон нэг байгууллагын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон санхүүгийн тайлангийн үзүүлэлт зөрүүтэй байхад эерэг дүгнэлт өгсөн байна. Эдгээр зөрчлийг арилгах, тендерт оролцогч байгууллагын тайлан, аудитын дүгнэлт үнэн зөв, бодитой эсэхийг хянаж байх зөвлөмжийг өгчээ.

Эх сурвалж: АТГ