Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2019 оны 01 дүгээр 02-ний өдрийн 09:00 цаг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллажээ.

Энэ үеэр Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт 471 объектыг шалгаж, галын аюулгүй байдлын норм дүрэм, стандарт зөрчсөн 2157 зөрчил илрүүлж, газар дээр нь 579 буюу 26.8 хувийг арилгуулжээ.  Мөн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 218, мэдэгдэл 191, танилцуулга 1 бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажилласан.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд обьектын гал түймрийн 25, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 4, нийт 29 дуудлагаар үүрэг гүйцэтгэж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 660 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ. Харамсалтай нь гал түймэрт 1 хүн өртөж амь насаа алдсан байна

Дээрхи хугацаанд гарсан гамшиг, ослын дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 49 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.