УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхийг шаардаад буй юм. 

Үүнтэй холбоотойгоор дээрх гишүүд өөрсдийг нь дэмжиж буй иргэд, УИХ-ын гишүүд, нам эвсэл, хөдөлгөөнүүдийг нэгтгэсэн "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл"-ийг байгуулсан. Тус нэгдэл энэ сарын 18-нд 60 тэрбумын асуудал, МАНАН-г арилгах, УИХ-ын даргыг албан тушаалаас нь огцруулах зэрэг асуудлаар хэлэлцүүлэг хийсэн юм. Тус хэлэлцүүлэгт оролцсон 100 гаруй эвсэл болон дээрх УИХ-ын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан шаардлагыг өнөөдөр дахин УИХ-ын даргад хүргүүлж буй аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Тэд мэдээллийнхээ үеэр "Бид өнөөдөр 11.00 цагт УИХ-ын даргыг өөрөө огцрох өргөдлөө өгөх шаардлагыг өглөө. Уг шаардлагыг өгснөөс хойш УИХ-ын даргад 48 цагийн хугацаа олгож байна. Энэ хугацаанд өргөдлөө өгөхгүй бол 48 цагийн дараа буюу энэ сарын 27-ны өдрийн 11.00 цагт бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулна. 

Тус жагсаалд МАНАН-г эсэргүүцэж буй эх оронч иргэд, нам эвсэл, хөдөлгөөнийнхөн ирж оролцохыг уриалж байна. Бид тайван жагсах болно. Жагсаал зохион байгуулах зөвшөөрөл авах, жагсаалд оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах талаар холбогдох байгууллагад хандаж байна" хэмээн мэдэгдлээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр шууд хүргэж байна.