Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж Гандантэгчинлэн хийдийн хамба ламын нарийн бичигийн дарга Б.Бүрнээд зодуулсан хэмээн шүүхэд гомдол мэдүүлж байсан юм. Тэрээр 2017 оны наймдугаар сарын 24-ний өдөр даншиг наадмын урилга асууж Гандантэгчинлэн хийдэд очоод зодуулсан гэх шалтгааныг тухайн үед хэвлэлийн бага хурал зарлан хэлж байв. 

Мөн тухайн үед  Б.Бүрнээ лам “Их хүрээ-Даншиг наадам”-ын урд өдөр З.Санждорж лам манай хийдэд ирсэн. Тухайн өдөр З.Санждорж лам хөтөлбөр авна гэж бужигнуулсан. Би ерөөсөө зодоогүй. Гол нь Даншиг наадмын хөтөлбөрийг манайхаас тараагаагүй, бүх хөтөлбөр мэдээлэл нь интернетэд тавигдсан байсан. Өөрөө юмаа шидээд байснаас биш бид З.Санждорж ламын эд зүйлийг авч чулуудсан зүйл байхгүй” гэсэн тайлбар хийж байсан юм.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Бүрнээг буруугүй гэсэн агуулгатай цагаатгасан тогтоолыг өнгөрсөн наймдугаар сарын 10-нд гаргасан билээ. Тухайн үед З.Санждорж шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдаж байв. Тэгвэл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гараад байна. Уг шийдвэрт ч мөн Б.Бүрнээг буруугүй гэж үзэж, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээжээ. Шүүхийн шийдвэрт “...Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд прокуроын яллах дүгнэлтэд камерын бичлэг бүхий нэг ширхэг сиди-нээс өөр эд мөрийн баримтыг шүүхэд шилжүүлж ирүүлээгүй байна. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Санждоржийн гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа 1.612.200 төгрөгийг Бүрнээгээс гаргуулах үндэслэлгүй болно гэж шийдвэрлэснийг дурдвал зохино. Иймд Санждоржийн “...цагаатгах тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр баталж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол, прокурор А.Намдагийн бичсэн эсэргүүцлийг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, цагтаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж шатны шүүх дүгнэв” хэмээн онцолжээ.