Австралийн Сидней хот болон түүний ойролцоох бус нутгуудад хүчтэй шуурга дэгдсэний улмаас 500 гаруй хүн яаралтай тусламжийн төвд дуудлага өгсөн байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас үерийн гамшиг үүссэний зэрэгцээ цахилгаан хангамж тасалдаж, нислэгүүд хойшилжээ.

Лхагва гарагт Сидней хотод сарын дундаж хур тунадастай тэнцэх хэмжээний бороо хоёрхон цагийн хугацаанд орсон гэж тус улсын Цаг уурын газрын мэргэжилтнүүд мэдээлжээ.

Аврах албаны ажилтнууд үерийн улмаас автомашиндаа гацсан 11 хүнийг аварсан ба нэг хүн зам тээврийн ослоор амиа алдсан байна. Цахим сүлжээн дэх гэрэл зургуудаас үзэхэд, замууд, байшин барилгууд хийгээд галт тэрэгний буудлууд үерт автсан байжээ. Мөн мотоциклтой хүмүүст туслахыг хичээж байсан цагдаагийн хоёр ажилтан модонд даруулсны улмаас гэмтэж бэртсэн байна.

Австралийн хамгийн том хот болох Сиднейд нийтийн тээврийн олон үйлчилгээ цуцлагдаж, хойшлоход хүрээд байгаа бөгөөд үүнд нисэх онгоцны 50 гаруй нислэг багтаж байгаа юм. Тус улсын Цаг уурын газрын мэдээнд тэмдэглэснээр, 1984 оноос хойшхи хамгийн их хур тунадас унасан 11 дүгээр сар энэ болсон аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, www.bbc.com