Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга М.Чинболд нар өнөөдөр мэдээлэл хийж, тус бүрт нь томоор хэвлэсэн гурван "Э" үсгийг урж хаялаа. 

Энэ талаараа тэд "Э үсгээр эхэлсэн нэртэй эдгээр гурван хүнийг бид хангалттай дэмжсэн, тэд шударга зүйл ярьдаг ч шударга бус нийгмийг бүтээсэн. Эхний хүн бол байнга шударга ёс, сайн сайхныг ярьдаг. Бид түүнийг маш олон жил толгой дээрээ залсан. Гэтэл өнөөдөр энэ хүний байгуулсан нийгэм авлига, шударга бус явдлаар бүтсэн. Бид, манай намынхан энэ хүнийг хангалттай дэмжсэн. Одоо болъё.

Дараагийн хүн бол мөн АН-тай холбоотой. Энэ хүн өөрийнхөө даргалж байсан бүлгийг тараасан. Шударга бус зүйлийг байнга өмгөөлж, хамгаалдаг. Шударга бустай холбоотой бүхий л зүйлд АН-ыг төлөөлж, гишүүд дэмжигчдийнхээ эсрэг зүйл ярьдаг.  Тэрээр МАНАН бүлэглэлийн сүүлчийн хамгаалагч болсон. АН-ынхан энэ хүнээс ичиж буй учир яаралтай зайлуулах хэрэгтэй. 

Сүүлийн Э-тэй холбоотой асуудлууд өнөөдөр АН-аар дүүрэн яригдаж байна. Гэвч эсэргүүцлээ илэрхийлж, дуугардаг хүн алга. АН нэг хүн төвтэй нам боллоо. Энэ хүн зөвхөн өөртөө таалагдсан, өөрт нь үнэнч хүнийг л авдаг. Тиймээс эдгээр хүмүүсийг бид эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байна. АН-ын дарга МАНАН дэглэмийг өмгөөлж, Онц Их хурал хийх гэж буй учир, очиж оролцох гишүүн байхгүй. Очих хүн байхгүй болчихоор хүмүүст мөнгө өгч, шагнал урамшуулалтай жагсаал хийх гэж байх шиг байна. Бид үүнийг дэмжихгүй" хэмээлээ.

Тэд гурван "Э" гэж яг хэн хэнийг хэлж буйгаа тодорхой нэрлээгүй ч, ярьж буй зүйлийнх нь агуулгаас үзэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нар аж.