ebarimt аппликейшн ашиглан авах боломжтой үйлчилгээг танилцуулж байна

Засгийн газрын тогтоолоор төрөөс үзүүлж буй бүх төрлийн төрийн үйлчилгээг ebarimt аппликейшн-д үе шаттайгаар шилжүүлээд буй. Өнөөдрийн байдлаар тус апп-аар 119 үйлчилгээний төлбөрийг и баримтаар төлөх боломж бүрдээд байгаа юм.

-Би хувиараа бизнес эрхэлдэг иргэн. Саяхан эмнэлэг дээр тусламж үйлчилгээ авахаар яаралтай очтол ЭМД төлөөгүй гэсэн шалтгаанаар үзүүлж чадаагүй. Энэ тохиолдолд и баримт аппликейшнээ ашиглах боломжтой юу?

-Төрийн үйлчилгээний төлбөрийн нэгдсэн системд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нэгдсэн. Энэ тохиолдолд гар утаснаасаа и баримт аппликейшнээр ороод ЭМД-ын төлбөрөө шууд төлөөд эмнэлэгт үйлчлүүлэх боломжтой болсон. Учир нь төлбөр нь банк хооронд бус шууд төрийн сан руу орох учраас төлсөн даруйд системд харагдах юм.

Зөвхөн хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн төдийгүй, малчин, оюутан, гадаадын иргэн, харьяалалгүй хүн ч эрүүл мэндийн даатгалын төлбөрөө и баримтаар төлж болно.

Өмнө нь үйлчилж байсан шиг ЭМД төлөхийн тулд заавал банканд мөнгөө тушааж, цаг заваа алдахгүй гэсэн үг. Та мөнгөө тушаахдаа и баримт  аппликейшнийхээ төрийн үйлчилгээ хэсэг рүү орж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэсэн цэсэн дээр дарж харьяалагдах аймаг дүүрэг, сум хороогоо сонгон төлбөрөө хийх юм.  Албан журмын даатгалаар хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутан, малчин, тодорхойгүй хөдөлмөр эрхэлдэг бол сард 4200 жилд жилд 50400 төгрөгийн төлбөр төлнө. Харин гадаадын иргэн болон Монголд харьяалгүй хүн сард 8400 жилд 100800 төгрөгийн төлбөр төлнө. Нэг ёсондоо банкинд оочирлодог байдлыг энэхүү системээр халсан.


-Иргэд и баримт апп ашиглан хамгийн их авч буй үйлчилгээ?           

-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг Ибаримт аппликейшн ашиглан төлөх боломжтой болсон. Ингэхдээ хуулиараа 1-6 дугаар сарын хооронд төлдөг. Магадгүй тухайн иргэн төлж амжаагүй бол, чухам хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй бол шийдэл нь Ибаримт аппликейшнд бий. Энэ жилийн эхний улирлыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа цахимаар төлсөн иргэдийн тоо 150 хувиар өссөн. Үүнээс 16 мянга гаруй иргэд и баримт аппликейшн ашиглан автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөд байна.


- Ebarimt аппликейшнаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын ямар үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой вэ?

- 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Цагдаагийн Ерөнхий Газрын таван төрлийн үйлчилгээ болон нэг төрлийн лавлагааны төлбөрийг ebarimt аппликейшн ашиглан төлөх боломжтой болсон. Үүнд:

  1. Галт зэвсгийн гэрчилгээ
  2. Монгол Улсын үндэсний жолоодох эрхий үнэмлэх
  3. Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх /1жил, 2 жил, 3 жил/
  4. Лавлагаа:
  5. Эрүүгийн хариуцлага хүлээж буй эсэх талаарх лавлагаа орно.


- Төлбөрөө хэрхэн төлөх вэ? 

- Өөрийн бүртгэлээр ebarimt аппликейшнд нэвтрэн орж төрийн үйлчилгээ цэсээс ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР хэсэгт хандаж харгалзах үйлчилгээ эсвэл лавлагаагаа сонгож төлөх товчийг дарснаар өөрийн ашигладаг интернэт банкны аппликейшнийг ашиглан төлбөрөө төлнө. Төлбөр амжилттай хийгдмэгц НӨАТ-ын сугалаатай баримт иргэний ebarimt-д бүртгэлтэй имэйл хаягт илгээгдэнэ. 

Бүх банкны аппликейшн ашиглах боломжтойгоос гадна өөр хүний буюу өөрийн ойр дотны хүний Регистерийн дугаарыг оруулан дээрх таван төрлийн үйлчилгээ болон лавлагааг авах боломжтой байгаа.