МЕХИКО. /VOA/. АНУ Мексикийн бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулах нь хоёр улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, Төв Америкийн илүү олон цагаач иргэн Мексикээр дамжин АНУ-д нэвтрэхийг эрмэлзэхэд хүргэнэ гэж Мексикийн төлөөлөгчид даваа гарагт мэдэгджээ.

Мексикийн импортын бүтээгдэхүүнд зургадугаар сарын 10-наас 5 хувийн татвар ногдуулах талаарх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдэлтэй холбогдуулан Мексикийн засгийн газрын өндөр түвшний төлөөлөгчид Вашингтон хот дахь Мексикийн Элчин сайдын яаманд хэвлэлийн бага хурал зохион байгуулсан байна. 

АНУ-д суугаа Мексикийн Элчин сайд Марта Барсенагийн хэлснээр, АНУ-ын ногдуулах татвар санхүү, эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэж, цагаачдын урсгалыг зохицуулах Мексикийн хүчин чадлыг сулруулж, Гватемал, Хондурас, Эль Салвадорын дүрвэгсэд илүү олон сонголттой болоход нөлөөлөх ажээ. Мөн тэрбээр, хэрэв манай улсын импортод татвар ногдуулвал АНУ-ын өмнөд хил дээр сар тутам 250 мянган цагаач нэмэлтээр ирэх болно хэмээн нэмж хэлжээ. 

“Ирэх зургадугаар сарын 10-наас эхлэн Мексикийн бүх бараа бүтээгдэхүүнд 5 хувийн татвар ногдуулж, хууль бус цагаачлалын асуудал цэгцрэх хүртэл аажмаар нэмэгдүүлэх болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн тавдугаар сарын эцсээр мэдэгдсэн билээ.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг