Монгол үндэсний бѳх мэргэжлийн хэмжээнд хүрсэн ѳрсѳлдѳѳнт цаг үед бѳхийн таавар "Гарьд Магнай" киноны Равсал панзын " Тааж мэддэг таван хаан биш, тамшаалж мэддэг тарлан бух биш.Аз хүү байвал ёоз хүүгээр цохино" гэдэг үг их ортой болоод байна.Дэлхийг шуугиулсан хѳлбѳмбѳгийн таашгүй тоглолтууд шиг бѳхийн барилдаан бас хэн ч тааварлахын аргагүй ѳрсѳлдѳѳн дунд ѳрнѳнѳ гэдэг ойлгомжтой шүү дээ. Гэхдээ магадлал дэвшүүлж үзье.! 

Хамгийн боломжит таавар бол түрүү бѳхийг нэрлэх байх. Хамгийн түрүүнд ѳнгѳрсѳн жил бѳхийн холбооны луйврын золиос болсон Ч.Санжаадамба аварга зүй ёсоор нэрлэгдэнэ.Баавгай хочит аварга маань түрүү жил бэлтгэл цѳмѳрсѳн байдал ажиглагдаж байсан бол ѳнѳѳ жил илүү дутуугүй сайхан тааруулсан байхаа гэж бодож байна. Дутуу юмгүй аваргад сэтгэлзүйн бэлтгэл хангалттай бол ухарч гишгэхгүй урагшаа явж зоригтойхон барилдвал тогтоох аавын хүү Халхын хавтгайд алга даа. Увсынхны олимпийн найдвар болсон П.Бүрэнтѳгс арсланг аварга болоосой гэж олон бѳх сонирхогч дээлийнх нь захыг мушгиж суугаа нь лавтай. Манлай харцага, нэрт дасгалжуулагч Ѳвѳѳ багш хэдэн жилийн ѳмнѳ " Энэ хүү борви нь гүйцэд тэнийвэл тав түрүүлнээ" гэж хэлж байсан удаатай. Бас л дутуугүй юмгүй арал бяр дүүрэн арслан хэт тонгойж барилддагаас амархан тэнцвэр алдаж тун ялихгүй юманд унадаг гэмтэй. Бага цолтой, шийдсэн мэх хийх аюултай зоримог бѳхчүүдтэй болгоомжтой барилдаж дээшээ гарч ирвэл тэр чигтээ л явчих нигууртай бѳх. Аатай, иртэй, хор шартай арслан Р.Пүрэвдагва даншгийн наадамд гурав дараалан түрүүлж даян аварга цол хүртээд буй нэгэн содон амжилтын эзэн болоод байгаа бѳх. Одоо түүнийг улсын наадамд түрүүлж хос аварга болох ховор хувь заяаны эзэн болоход гайхах юм үгүй ээ.

Хор шараа бага зэрэг дарж, шаралхахгүй шатахгүй амаа зѳв авч барилдвал Асашёрюү мэт дайчин сэтгэлзүйтэй эрэмгий энэ бѳхийг хаана гэдэг бараг л боломжгүй зүйлийн нэг. Хамгийн залуу улсын наадамд түрүүлсэн Хан Хэнтий идэрхэн хүчтэн ѳнгѳрсѳн жил бэлтгэл сургууль муу байсан уу 3-н хуруу гозойлгож хэл амны бай болсон түүхтэй. Залуу насны алдаа оноог туулж яваа "панда" арслан энэ жил нам гүмхэн, их л нууцгай бэлтгэл хийж байгаа сурагтай бѳгѳѳд торгон ир нь ханасан бол асаалттай танк шиг түүнийг зогсооно гэж санахын ч хэрэггүй. Унаган тѳрмѳл авьяастай, барилдах гэж л тѳрсѳн энэ залуу нэг л тэсрэх юм бол юунд ч үл дийлдэх сарлагийн бух л гэсэн үг. Ѳнгѳрсѳн жилийн алдаанаасаа сургамж авч бѳхийн хорхойтнуудаа дахин баярлуулж магнай тэнийлгэх байхаа гэж хүлээж сууна. Энэ цагийн бѳхийн ѳнгийг тодорхойлогч уран барилдаант Б.Гончигдамба гарьд цол авсан цагаас эхлэн түрүү бѳхийн тааварт байнга бичигдэж байгаа бѳх. Түүнд нэг юм дутуу байна. Түүнийгээ л засаж залруулж чадвал түрүүлнэ гэхэд байг гэх газаргүй ээ. Урд жил нь түрүүлсэн бѳхийг дараа жилийн тааварт хамгийн түрүүнд нэрлэдэг бичигдээгүй хууль бий. Олон жил тунаж, дуншиж байж арслан цолонд хүрсэн Ц.Содномдорж наадмаас наадмын хооронд бүтэн жилийн турш заал танхимын барилдаанд тун цѳѳхѳн зодоглосон тул бэлтгэл форм нэгэн жигд ханасан гэж үзэж боломгүй байна. Гэхдээ " Михайлд нэг бодол бий" гэдэг шиг Со арсланд нэг бодож тѳлѳвлѳсѳн юм байгаа байхаа.

Ховдын хоёр харцага бэлтгэл сайтай, тун ѳнгѳтэй чухам л торгон ирэн дээрээ байгаа тул дээшээ цол ахиж гарьд заан болох магадлал ѳндѳр байна. Гэхдээ тунаа гэдэг айхтар хатуу босгыг давж чадсан аль нэг нь л дээшээ явна. Суурь сайтай, сэтгэлзүй ѳндѳр , хүлээцтэй тэвчээртэй Бат-Ѳлзий харцага Хангайгаас илүү барилдана гэж миний хувьд тооцож байгаа юм. Гэхдээ заалны барилдаан тѳрийн наадмын зүлэг ногоон дэвжээ хоёр алд дэлэм зѳрүүтэй учир цол ахиулах гэж байгаа бѳхчүүдэд сэтгэлзүйн дарамтыг давж гарах гэж учраагаа хаяхаас ч илүү хэцүү нэг дава байдаг юм шүү. Бѳхийн "аранга" дѳрвѳн гартай Баасанхүү гэж ёстой нэг аюул бий дээ. Тавын давааны найраанд орчихгүй шиг санасанаа хийгээд барилдвал заан цол ч ойрхон шүү дээ уг нь. Архангайн " Бѳх Билэгт" дэвжээний харцага М.Бадарч, начин Б.Амарзаяа хоёр бол шѳвгѳѳр тогтохгүй цолоо батлах, ахиулах бүүр аз нь гийвэл түрүүлж үзүүрлэхэд байг гэх газаргүй " хатуу самар"- ууд шүү! Амлагдана гэж байхгүй, тавын даваанаас эхлэн тувт тунаанд орох учир ёстой л " сэтгэлийн чин зориг" мэдэх газар даа. 

Удамт бѳх Б.Амарзаяа начины хувьд дутуу юмгүй ѳгѳгдѳл сайтай бѳх боловч нэг л тийм тэмцэл зүтгэл муутай хайнгадуухан барилддаг гэмтэй. Гэхдээ нэг дээшээ гараад ирвэл хэнээс ч айхгүй барилдах нѳѳц боломж бүрэн дүүрэн байгаа юмаа. Увс Сэлэнгийн дундын бѳх шинэхэн заан Жаргалбаярын хувьд энэ жил шѳвѳг нэмэх, дориухан үзвэл цолоо батлах боломж, итгэл дүүрэн бий. Ѳнгѳрсѳн жилийн шинэхэн начингуудаас Булганы Тамир, Бат-Эрдэнэ хоёрыг цолоо баталж хэнээс ч гуйхгүй шижгэр начин гэдгээ дахин харуулах байхаа гэж хүлээж сууна.

Улсын цолны ѳндѳр босго давах хүсэлтэй аймаг цэргийн цолтнууд асар майханд багтаж ядан чихэлдэнэ. Нутаг нугын дэмжлэг, найраа наймааны асуудалд хэт орооцолдох болсон начины давааг тэр гэтэлнэ гээд шуудхан хэлчихэд бас л хэцүүхэн юмны нэг болоод байна. Бѳхийн шударга үнэн ялдаг бол, " үнэнээр яваад үхэр тэргээр туулай гүйцдэг бол" аймаг цэргийн цолтны барилдаанд 13 түрүүлж тоолохын аргагүй шѳвгѳрѳѳд байгаа хурдны ѳлгий нутгийн унаган хүү Шарын Мѳнгѳнбаатар арсланг начины тааварт хамгийн түрүүнд нэрлэмээр байна. Эртэй бяртай нь начин болдог юм бол Завханы " Даян" дэвжээний ах дүү хоёр хүчтэний нэг аймгийн арслан Бэгзсүрэнг дуун дээр начин болно гэж мѳрий тавихад ч бэлэн байна. Хамгийн бяртай бѳхийн нэг Обо арсланг цээжин дээрээ сарвалзуулан ѳргѳж гаргаж ирсэн тэнхээтэй бѳх Бэгзсүрэнгээс ѳѳр хараагүй тул бяр нь багтаж ядан яваа шийдэмгий арслан юм дуулгана гэдэгт эргэлзэхгүй байна. "Зааны набор" Булганы Түмэндэмбэрэл арслан цолтоны манлайд хүрсэн учир нутгийн ах нар нь бага зэрэг дэмжлэг үзүүлбэл начин цол хаяанд л байна. Тулааны спортын хүнд байвал зохих эрэмгий хурц зан чанартай, хурдан шаламгай барилдаантай аймгийн арслан Амаржаргал гэж Булган нутгийн бѳхийн удамт залуу начин цолны босгонд тун ойрхон ирээд байна. Хонгор нутгаас хурц бадрангуй арслан Золбоо гэж начинаар тогтохгүй сайн залууг олон бѳхийн хорхойтнууд дээлийн захы нь мушгиж суугаа. Түүний нутагт нэгт цэргийн наадмын түрүү бѳх Жамбалдорж гэж ирлэсэн тонгорог шиг, усанд мѳлийсѳн сайрын хѳх чулуу шиг, шаасан гадас шиг чигжүү нѳхѳр " ямааны мах халуун дээрээ" гэдэг шиг улсын цолыг угсруулж авах том мѳрѳѳдѳлтэй л сэтгэлзүйгээ бэлдэж байгаа байх. Ховдын Бадамгарав, Тайван гэж ширээ бѳхтэй ат шиг хоёр ханагар аймгийн арслан начин цолны босгонд тулаад хэн нь вээ л гэж бодож суугаа байх. Хүчтэний ѳлгий арван баядын нутгаас аймгийн арслан Мѳнхбаяр, Оргилболд, Тогтохбаяр гэсэн шижгэр арслангууд начин цол зүүдлэнхэн наадмын ѳглѳѳг хүлээж суугаа байх. Засагт ханы хѳх эрчүүдийн нэг гүндүүгүй, хэнэггүйхэн Суманчулуун гэж начин цолоо хураалгасан шилдэг аймгийн арслан нэг байна. "Эр хүнд хор байна, шар байна" аваад алдсан цолоо эргүүлж авахаар даагаа хатуухан нэхнэ гэдэгт итгэлтэй байна. Говь-Сүмбэрийн Пүрэвсүрэн гэж цулмаг бор залууг улсын цолтоны эгнээнд гуйхгүй багтана гэж говийнхон итгэл найдвар тавьж хүлээж байгаа, итгэлийг биелүүлэх найдвартай бѳхийн нэг яахын аргагүй мѳѳн. "Дэнж нь хазайхгүй бол Дэмүүл хүү тогтоноо" гэдэг шиг нэг юм дуулгаж мэдэх бѳхѳѳ. "Бѳх Билэгт"- ийн "нээлт" Зоригоо гэж уран хурц барилдаантай будаг нь ханхалсан аймгийн зааныг бужигнуулаад гараад ирнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Энэ жил чѳлѳѳтийн улсын аваргад торолгүйхэн түрүүлсэн түүнийг "тог"- той юм шиг аюултай бѳх гэж том жижиггүй жийрхэж байдаг сурагтай. Архангайн " Адуу" Цог-Эрдэнэ гэж хайнагийн шар шиг тэнхээтэй ханагар сайхан эрийг улсын цол хүртэнэ гэж байнга балиагшиглаж суудаг хүний ннг нь би байгаа юм. Зоригоо чангалж давшиж барилдвал хоёр шуунаас нь мултархад хэцүү л бѳхийн нэг дээ. Жү-догийн шинэ "од" удамт бѳх аймгийн заан Отгонбаатарын хувьд ноднин "Маршалл" тѳлѳвлѳгѳѳнд орсон боловч ѳм нь дутаж бүтэлгүйтсэн билээ. Энэ жил дахин нэг тактик боловсруулж дэмжлэг үзүүлбэл начин цолтны эгнээнд багтах магадлалтай. Энэ мэтээр цааш бичвэл мундахгүй урт жагсаалт гарах байх. Наадмын "ѳм", аз од гэж бѳхийн хийморьт нѳлѳѳлдѳг далд зүй тогтол бий тул "тэр ѳдрийн тэнгэр" мэднээ л гэж харж хүлээж суухаас.

Улсын их баяр наадамд түрүүлсэн манлай уяач Батчулууны хээр морь уралдах ѳглѳѳ нь үзэхэд тагнайд нь эрхий дарам чинээ хар мэнгэ ургасан байсан тухай зууны манлай уяач Даваахүү гуай зурагтаар ярьж байсан.Яг түүн шиг улсын наадамд түрүүлэх бѳхийн "од" нь магнайд нь харвасан байгааг усан нүдэт цусан зүрхт хүмүүн бид олж харж чадахгүй нь гачлантай юм даа. Бѳхийн ѳнгийг шинжвэл нэг иймэрхүү. Та бүхэн сайхан наадаарай.