The Corporate Hotel & Convention Centre-д байгуулагдсан "Альфа" театрыг 2020 оны 11 дүгээр сарын 06-нд "Фауст" жүжгээр нээнэ. Энэ талаар уран бүтээлчид нь өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "Фауст" жүжгийн Ерөнхий продюсер Т.Ганболд "Нийгмийн тодорхой хэмжээний хөгжил, иргэдийнхээ танин мэдэхүй, нийгмээ үзэх үзэл, амьдралыг харах үзэл бодолд нь эерэгээр нөлөөлөх зорилгоор мэргэжлийн багийнхантай ярилцаж, хамтраад "Альфа" театрыг байгуулсан. Нийгмээ, ахуй байдлаа өөрчлөгдөн хөгжөөсэй гэж иргэн бүр боддог. Үүний тулд иргэн өөрөө оюуны, үзэл бодлын хувьд төлөвшилтэй, танин мэдэхүйн өргөн цар хүрээтэй, хөгжсөн байх ёстой. Энэ үүргийг театр, урлаг чиглүүлдэг гэж би ойлгодог. 

Энэ утгаараа бидний амьдралд буй ярьсан хийсэн нь эрс тэрс зөрүүтэй байгаа, өнөөдөр улаан байж байгаад маргааш хөх болж чаддаг, үзэл бодол, ёс суртахууны саадгүйгээр шилжин хөдөлдөг зэрэг болохгүй байгаа зүйлсийг харуулж, үр хойчдоо зөв үлгэрлэхийг урлагаар дамжуулж ойлгуулах зорилгоор эрх чөлөө, боломж, орон зайгаа ашиглаж иргэд, үзэгчиддээ эерэг нөлөөлөл үүсгэхийн төлөө энэ театрыг байгуулсан.

"Фауст" жүжгийн зохиол нь 300-аад жилийн өмнө бичигдсэн. Гэтэл утга агуулга нь энэ цаг үед нийцэж байна. Дэлхийн бодлогыг тодорхойлж буй хамгийн хөгжилтэй улс орнууд болох баруун европын орнуудад 300 жилийн өмнө байсан асуудал, үзэл бодлын зөрчилдөөн 21 дүгээр зуунд, өнөөдөр манай улсын бодит амьдралтай яв цав нийлж байгаа нь ихэд анхаарал татаж байна. Иймд уг жүжгээр театраа нээхээр болсон" хэмээлээ.

“Фауст” жүжгийг найруулсан М.Батболд "Би 2018 онд Москвагийн Театр урлагийн их сургуулийг Драмын найруулагч мэргэжлээр төгссөн. Уг чиглэлээр дэлхийд гуравдугаарт ордог сургуулийг төгссөндөө бахархдаг. Театр бол олон мянган жилийн түүхтэй хүн төрөлхтний хөгжилд маш том түүчээ болдог, хүнийг өөрчилдөг амьд мэдрэмжийн урлаг. Би пост драмын театрт түлхүү суралцаж, энэ арга барилаараа "Фауст" жүжгийг тавьсан. Цаашдаа энэ театртаа пост драмын чиглэл, арга барилаар жүжгүүдийг найруулан тавина. Пост драм гэдэг нь хамгийн ойлгомжтой, орчин үеийн сэтгэлгээний театр гэсэн үг. Тайлбарлахад, ойлгоход хэцүү хэлбэр биш" гэв.

“Фауст” жүжгийн гол дүрийн жүжигчин СТА Т.Бархүү "Намайг чөтгөр болгож сонгож авсанд баярлалаа. Чөтгөрт ямар ч эвэр байхгүй, муу санаа байхгүй, чөтгөр хамгийн гоё байх ёстой гэж надад хэлсэн. Тэгэхээр нийгэмд байгаа олон чөтгөрийн төлөөллийг өөрийнхөө дүрээр гаргахыг хичээж байна. Хүний дотор олон чөтгөр байдаг ч ихэнхдээ нуугдсан байдаг чөтгөрүүдийг гаргахыг бид зорьж ажилаж байна. Ирж жүжгээ үзээд олон чөтгөрийг таньж аваасай гэж үзэгчдийг урьж байна" хэмээв.

"Фауст"-ын дүрд тоглосон жүжигчин СТА С.Болд-Эрдэнэ "Театр хөгжиж байгаа. Илүү сайжирч, хөгжихийн тулд шинээр театрууд бий болох ёстой. Агуу их театрын орон ОХУ-д маш олон театр байдаг. Тэр дундаас өрсөлдөөн бий болж, театр хөгжиж, уран бүтээлчдийн туурвих орон зай бий болж, илүү хөгждөг. Энэ шаардлагыг түүчээлж "Альфа" театр байгуулагдсан. Ерөнхий продюсер Т.Ганболд, ерөнхий найруулагчаар М.Батболд нар ажиллаж байна. Тус театраа "Фауст" жүжгээр нээж буй нь ч учиртай байх. Цаашид олон бүтээлийг туурвиж, үзэгчдийн хүртээл болгоно гэдэгт итгэж байна. Намайг Фаустын дүрд тоглуулж буйд баярлалаа" хэмээлээ.

Жүжгийн тасалбарыг https://ticket.mn/-ээс авах боломжтой.