ВАШИНГТОН. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны төрсөн өдрийн баярын мэнд хүргэсэн захидлын хариуд талархлын захидал илгээсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


АНУ-ын Ерөнхийлөгчийг “The Hill” сонинд ярилцлага өгөх үеэр Ким Жөн Уны захидлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхэд тэрбээр ийнхүү хариулсан байна.


“Хэрэв та бүхэн үнэнийг мэдэхийг хүсэж байгаа бол Ким Жөн Ун надад төрсөн өдрийн мэнд хүргэсэн сайхан захидал илгээсэн” гэж Д.Трамп хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч зургадугаар сарын 14-нд 73 нас хүрсэн юм.


Мөн хариу захидлын талаар лавлахад, би түүнд талархлын захидал илгээсэн гэжээ. Түүнчлэн тэрбээр захидлын өөр бусад агуулгын талаар мэдээлэл өгөөгүй байна. Гэсэн хэдий ч талууд БНАСАУ-ыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс ангижруулах хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэдгийг дээрх захидлууд харуулжээ.


Өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамд зохион байгуулсан Трамп-Кимийн хоёр дахь дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөснөөс хойш хоёр талын хэлэлцээ зогсонги байдалд орсон юм.


“Ким Жөн Ун Д.Трампаас сайхан агуулга бүхий захидал хүлээн авсан” гэж БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлаг өнгөрсөн ням гарагт мэдээлсэн билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг