Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан бүргэдчин охин Н.Айшолпантай өчигдөр уулзав.

Н.Айшолпан охиныг “Бүргэдийн анчин” киноны гол дүрээр монголчууд төдийгүй дэлхий дахин сайн мэддэг болсон. Энэ 11 дүгээр сарын 2-ны өдөр тэрээр аавын хамт Нью-Йорк хотод очиж “Азийг өөрчлөгч эрхэм” хэмээх нэр хүндтэй шагналыг гардан аваад эх орондоо ирсэн байна.

Уг шагналын үйл ажиллагааг АНУ дахь Азийн нийгэмлэг зохион байгуулсан бөгөөд нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга Ронни Чэн нь өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын модератораар ажилласан нэр хүндтэй хүн юм.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын “Зайяед” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Н.Айшолпанд Харвард , Лондонгийн их сургуулиас суралцах эрх олгон, оюутнаар элсүүлэх хүсэлтээ ирүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан бүргэдчин охинд амжилт хүсэхийн зэрэгцээ домбор хөгжмөө тоглож сураарай, зоригт эрсийн олж чадаагүй Ага-ыигийн дэгдээхэйг олж сурган гаршуулсан эрэлхэг казах охины тухай Б.Ахтаан найрагчийн “Бүргэд” найраглалыг олж уншаарай гэлээ.