Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор БСШУСЯ-наас өнөөдөр өргөтгөсөн хэвлэлийн хурал хийлээ. Хуралд яамны сайд, яамны газрын дарга нар, нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд оролцлоо.

Мэдээллийн үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Би сайдын ажил авсан цагаасаа Монголын үндэсний их сургуулийн нэрийн асуудалтай холбогдож байна. "National university" гэдэг бол тухайн улсын брэнд. Зах зээлийн шуурга дундуур гэх юм уу хуулийн цоорхой ашиглаад ч гэх юм уу "Монгол Улсын Их сургууль"-ийн улсын гэдэг үгийг үндэсний болгон өөрчлөөд л сургуулиа нэрлэчихсэн байна. Үүнийг англи хэл рүү орчуулахад яг адилхан болж буй учир гадаад, додоодод андуурагдах тохиолдол олон гарч байна.

Энэ нэршил нь хүмүүсийг маш их төөрөгдүүлдэг. Орон нутгаас Монгол Улсын Их Сургуульд орлоо гэж ирсэн чинь Монголын Үндэсний Их сургууль байсан байна гэх зэрэг гомдол мэдээлэл надад ирсэн. Сургуулийнхаа нэрээр иргэдийг төөрөгдүүлэх, зарим тохиолдолд МУИС гэж андуурах мэдээллийг иргэдэд өгч байна.

Тус сургуулийг нэрээ солих талаар бид хөөцөлдөж, шүүхдэлцсэн. Шүүхийн өмнө БСШУСЯ хүчин мөхөсдөж ялагдсан байгаа. Тиймээс эцсийн бүлэгт бид тус сургуулийн хөтөлбөрийн атестачлал болон багш нар нь үндэсний хэмжээний сургуулийн багш нар шиг ажиллаж чадаж байна уу гэдэгт анхаарал хандуулж ажиллана. Сургуулийн байшин барилга л нэмэгдэж буйг харж байна. Сургалтын агуулга, чанарыг сайжруулах чиглэлээр иж бүрэн юу хийж байна вэ гэдгийг энэ хичээлийн жилд анхаарна. Шаардлага тавина. Энэ сургуулийн нэршил нь бүхэл бүтэн дээд боловсролын бүтцэд сөрөг үр дагавар авчирч байна" хэмээлээ.