НАСАУ цөмийн зэвсгийн нөөцөөсөө бүрэн татгалзах бодолгүй байгаа бөгөөд харин ч өөрийн мэдэлд буй цөмийн цэнэгт хошууны тоо болон зэвсэг бүтээх цэргийн объектуудаа нуух арга зам эрэлхийлж байна гэсэн дүгнэлтийг АНУ-ын тагнуулын албад олж авсан нотлох баримтууддаа үндэслэн хийсэн тухай бямба гарагт The Washington Post сонин тусгай албад дахь эх сурвалжаа иш татан мэдээлсэн байна.
 
Сингапурт зургадугаар сарын 12-нд хийсэн Америк-Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаас хойш олж авсан мэдээ баримтаас үзвэл, БНАСАУ-ын эрх баригчид АНУ-ын засаг захиргааг төөрөгдөлд оруулж өөрт байгаа пуужин болон цэнэгт хошууны жинхэнэ тоог хийгээд цөмийн түлш үйлдвэрлэхэд ашигладаг нууц объектуудаа нуухаар бэлтгэж байгаа ажээ. Тухайлбал, тагнуулын албадын мэдээллээр, цөмийн болон пуужингийн хөтөлбөрийнх нь цар хүрээний талаархи төсөөлөл АНУ-д байхгүй хэмээн БНАСАУ-ын удирдлага таамаглаж байгаа гэнэ.  
 
Пхеньяны ойролцоох Йонбен цөмийн төвийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр БНАСАУ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэнд зориулалт нь тодорхойгүй үйлдвэрлэлийн бус хэд хэдэн барилга болон инженерийн томоохон барилга байгууламж барьж босгосон тухай өмнө нь мэдээлж байсан билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг