Х.Оргил
12 сарын 08, 2017
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүхч Д.Өлзийбаатарын “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх”, "Тархан суурьшсан монголчууд" ТББ-ын тэргүүн Ц.Санчирын “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” бүтээлд энэ оны Төрийн шагналыг хүртээлээ. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр гардуулан өгөв.
Монгол Улсын Төрийн шагнал хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонсдог номыг гарган эх түүхээ сурталчлан таниулж, Монголчуудын оюун санд их хувь нэмэр оруулсныг нь үнэлж түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатар, Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөрөөр сүүлийн 15 жил судалгаа хийн Монгол Улсын их түүх, соёлыг дэлхий дахинаар сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, "Тархан суурьшсан монголчууд" ТББ-ын тэргүүн, соёл судлаач Цэрэндоржийн Санчир нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатар, соёл судлаач Цэрэндоржийн Санчир нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээж хэлсэн үгэндээ:
"Өнөөдөр Монгол Улсын Төрийн шагналыг соёрхон хүртээж байгаа хоёр эрхэм бол төр засгийн даалгавар, аливаа нэгэн ашиг сонирхол, нөлөө шаардлагаар бус зөвхөн зүрх сэтгэлийнхээ дуудлагаар, монгол хүний халуун сэтгэлээр судлан сурвалжилж, түүх соёлын судалгааг зузаатгаж, соён гэгээрүүлж, иргэнийхээ үүргийг нэр төртэйгөөр биелүүлж яваа эгэл жирийн түүхч, судлаачид билээ. Энэ хүмүүсийн Төрийн шагнал хүртсэн бүтээлийг Монголын ард түмэн бүгдээрээ уншиж, сонсож танилцаасай, эх түүхээрээ бахархаасай, сургамж аваасай гэж хүсэж байна" гэсэн юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.